Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Турк, Азербайжаны ерөнхийлөгч нар өнөөдөр Уулын Карабахын асуудлаар уулзана

Т.Давааням, ikon.mn
2023 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Турк, Азербайжаны ерөнхийлөгч нар

Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган өнөөдөр буюу Даваа гарагт Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиевтай уулзахаар болжээ.

Тэрбээр өнөөдөр Азербайжаны Нахичеваны өөртөө засах мужийн төвд нэг өдрийн айлчлал хийх юм байна.

Нахичеван нь Турк, Армени, Иран улсуудаар хүрээлэгдэж, Азербайжаны үндсэн нутаг дэвсгэрээс тусгаарлагдан оршдог юм.

Эрдоган, Алиев нар Уулын Карабахын бүс нутгийн асуудлаар хэлэлцэхийг Анкарагийн албаны эх сурвалж Ням гарагт мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Азербайжаны арми Уулын Карабахын армени үндэстний салан тусгаарлагчдын эсрэг байлдааны ажиллагаа явуулж, 30 орчим жилийн дараа энэ нутгийг өөртөө буцаан нэгтгэх боломжтой болоод байгаа.

Уг ажиллагааны дараа салан тусгаарлагчид зэвсгээ хураалгаж, оршин суугчид нь хөрш Армени улс руу дүрвэж эхлээд байна.

Азербайжанд нэгтгэгдсэний дараа үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах бодлого хэрэгжиж болзошгүй гэж айсан 120,000 орчим хүн Армени улс руу дүрвэж болзошгүйг Уулын Карабахын салан тусгаарлагчдын төлөөлөгч Ням гарагт мэдэгджээ.

“Манай ард иргэдийн 99.9 хувь нь түүхэн газар нутгаасаа дүрвэхийг илүүд үзэж байгаа” гэж салан тусгаарлагчдын Арцахын Бүгд Найрамдах Улс гэгчийн ерөнхийлөгч Самвел Шахраманяны зөвлөх Давид Бабаян мэдэгдсэн байна.

Турк улс 2020 онд Азербайжан-Арменийн хооронд дэгдсэн сүүлийн дайны үеэр Азербайжаны талд зэвсэг нийлүүлэн дэмжиж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон байлдааны ажиллагаанд ч бас Бакугийн эрх баригчдад зэр зэвсгээр тусалсан гэсэн мэдээлэл бий.

 

Эх сурвалж: Reuters