Баасан гарагт Украины арми эзлэгдсэн Крымийн хойгийн Севастополь хот дахь Оросын Хар тэнгисийн флотын төв байранд пуужингийн цохилт өгсөн юм.
Энэ үеэр тус байранд Оросын тэнгисийн хүчний удирдлагуудын хурал зохион байгуулагдаж байсан бөгөөд хамгийн цөөндөө есөн хүн алагдсан тухай Украины тагнуулын албаны тэргүүн Кирило Буданов мэдээлжээ.
“Цохилтын үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг аль болох хурдан өгөх болно. Ямартай ч хэдэн арван эзлэн түрэмгийлэгч алагдаж, шархадсаны дотор флотын командлагч зэрэг өндөр албан тушаалтнууд байгаа” гэж тэр мэдээлсэн байна.
ОХУ-ын батлан хамгаалах яам өмнө нь мэдээлэхдээ зөвхөн нэг цэргийн алба хаагч сураггүй алга болсон гэж байв.
Дээрх цохилтын дараахан Украины армийн сөрөг давшилтыг удирдаж буй генерал Олександр Тарнавскийн ярилцлага CNN сайтад нийтлэгджээ.
Тэрбээр сүүлийн өдрүүдэд Запорожийн фронтын чиглэлд Оросын армийн хориглолтын шугамыг эвдэж, амжилттай давшиж буй талаараа ярьсан байна.
“Мэдээж сөрөг давшилт бидний төсөөлж байснаас удаан, дэлхийн хоёрдугаар дайны тухай кинонд гардаг шиг биш байгаа. Гэхдээ бид Днепр мөрний зүүн эрэгт Вербове тосгоны ойролцоо амжилттай цөмөрч, давшилтаа цааш үргэлжлүүлж байна” гэж Тарнавский ярьжээ.
Одоо фронтын шугамаас 20 км зайтай байгаа Токмак хотыг чөлөөлбөл томоохон дэвшил гарна гэж тэр үзэж байна.
Уг хотыг чөлөөлбөл цаашаа Мелитополь хот болон Крымийн хойгийг чөлөөлөх зам Украины зэвсэгт хүчинд нээгдэх гэнэ.
“Токмакын дараа ийм ахиц дэвшил гарна гэж би бодож байна. Одоогоор Оросын зэвсэгт хүчин энэ хэсэгт хориглолтын шугамынхаа гүнд л найдаж байгаа” гэж Тарнавский ярьжээ.
Өвөл болсноор сөрөг давшилтад байгаль, цаг уурын саад учрах тухай зарим хүмүүсийн таамгийг тэр энэ үеэр няцаасан юм.
“Сөрөг давшилтад цаг агаарын байдал ноцтой саад учруулж болох ч ихэвчлэн машин техникгүйгээр урагшилж буй манай одоогийн явцаас харвал тийм их нөлөөлөхгүй гэж би бодож байна. Яг одоо дайсан ч, бид ч анги, рот, батальон, бригад зэрэг том бүтэц ашиглахгүй байгаа. Бид 10-15 хүнтэй довтолгооны отрядуудыг ашиглаж байна. Тэд дайсны галыг өөр дээрээ төвлөрүүлж, тэсэж үлдэхийн тулд бүхий л арга хэрэгслийг ашиглан тулалддаг юм” гэж генерал тайлбарлажээ.
Сөрөг давшилтын амжилт зөвхөн фронтын шугам дээр өрнөж буй үйл явдлаас шалтгаалахгүй, бас эзлэгдсэн нутгийн гүн дэх удирдлагын төвүүдийг устгаж, эмх замбараагүй байдал үүсгэхээс хамаардаг гэж Тарнавксий ярьж байна.
Тухайлбал сая Крымийн хойгт өгсөн пуужингийн цохилт Украины цэргүүдийн сэтгэл санааг өргөж, ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээж буйг тэр онцолжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!