НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтын бүсэд авсан байна.
Хуралдааны үеэр тус газрыг орон нутгийн хамгаалалтын бүсэд авах талаар Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Р.Энхтайван танилцуулав.
Тэрбээр "Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Толгойтын Баруун салаанд орших Бумбатын рашааны 39.1 га талбайг дүүргийн ИТХ-ын 2015 оны 10/10 тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авч байсан.
Харин 2018 оны дүүргийн ИТХ-ын тогтоолоор хилийн цэсийг шинэчлэн тогтоон 44.1 га талбай болгон нэмсэн юм. Нийслэлийн Байгаль орчны газраас 2019 онд Бумбатын булгийг түшиглэн 1.2 метрийн гүнтэй, 10,500 шоо метр эзлэхүүнтэй хиймэл нуур байгуулсан. Мөн 2021-2022 онд 11 мянга гаруй мод тарьснаар 7.7 га газарт ногоон бүстэй болсон бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалттай дөрвөн байршилд бичил тохижилт хийсэн.
Бумбатын рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтад авах асуудлаар Сонгинохайрхан дүүргийн 24 хорооны 70 гаруй иргэнтэй хэлэлцүүлэг хийхэд 98 хувь нь дэмжлээ.
Цаашид орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийг түшиглэн явган аяллын маршрутыг нэмэх, зэрлэг амьтдыг ажиглах мониторинг судалгааны цэгүүдийг байгуулах, тогтвортой санхүүжилтийн механизм бүрдүүлж, эко системийн үйлчилгээнд тулгуурласан хамгаалалтын менежментийг нэвтрүүлнэ" хэмээн ярив.