Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын эдийн засгийн өсөлтийг хэрхэн тогтвортой хадгалах талаар мэргэжилтний хэлсэн онцлох ТАВАН ЭШЛЭЛ

Т.Өлзийбаяр, iKon.mn
2023 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Хөгжлийн Банкнаас "Азийн хөгжлийн төлөв" эдийн засгийн тайланг танилцууллаа. 

Энэ үеэр "Төсөв ашигтай байна гээд бүх зүйл сайхан болж байна гэсэн үг биш. Татварын орлого биелж байгаа. Цаашдаа Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос илүү хурдтай саарвал яах вэ?

Хил дээр гацаа саад үүсэх, Хятад Монголоос импортоор авдаг түүхий эдийн хэмжээндээ хязгаарлалт тогтоовол яах вэ? Бид үүнд илүү анхаарч бэлдэх хэрэгтэй" гэдгийг тус банкны ахлах эдийн засагч С.Болд онцолсон юм.

Эдийн засгийн өсөлтийг хэрхэн тогтвортой хадгалах талаар түүний хэлсэн онцлох эшлэлүүдийг хүргэж байна


  1. Таваас дээш хувийн эдийн засгийн өсөлт ярьж байгаа тохиолдолд бүтцийн шинэчлэлээ ярих цаг нь болсон. Ийм шинэчлэл хийхгүй бол одоогийн эдийн засгийн өсөлт цаг зуурынх байгаад дахиад л хямралд өртөж мэднэ. 
  2. Дотоод нөөц боломжоо ашиглан татварын сууриа тэлэх хэрэгтэй байна. Ингэвэл илүү тогтвортой татварын орлого төсөвт бүрдэнэ. Цаг үеийн шинж чанартай төсвийн тэлэлтийн бодлогоо дуусгавар болгон хумьж, эдийн засгийн хэвийн өсөлттэй үеийн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.
  3. Хөрөнгө оруулалтуудын үр ашгийг дээшлүүлэх нь чухал. Эдгээр хөрөнгө оруулалт нь дандаа Монгол Улсын өрсөлдөх болон шингээх чадварыг сайжруулахад чиглэх учиртай. 
  4. Төсвийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн багтаамж шингээх чадвартай нь уялдуулахгүй бол улирлын шинжтэй эдийн засгийн мөчлөгдөө амждаггүй. 
  5. Орлого өндөр байгаа үед төсвийн хуримтлалаа хийхгүй бол болохгүй нь. Тогтворжуулалтын, Ирээдүйн өв сангийн хуримтлалаа нэмэгдүүлж байж төсвийн тогтвортой байдлаа хангана. 

Түүнчлэн "Банк санхүүгийн салбарт зохицуулалтын орчин, зөв хүлээлт чухал байна. Дэлхийн зах зээлийн хувьд голлох банкууд мөнгөний хатуу бодлого руу, Ази номхон далайн бүсийн орнуудын тухайд энэ оны эхнээс нийт мөнгөний бодлогын шийдвэрийн 11 орчим хувь нь зөөлрүүлэх чиглэлийг баримталж байна.

Монгол Улс оновчтой бодлого хэрэгжүүлж, зөв арга замаар инфляцаа бууруулж чадвал мөнгөний бодлого зөөлөрч, хувийн хэвшлийн үйл ажиллагаа, ажил эрхлэлтэд эергээр нөлөөлөх боломж бий" хэмээв.