Пүрэв гарагт Өмнөд Америк тивийн Эквадор улсын нийслэл Кито хотод гэмт хэргийн бүлэглэлүүд хэд хэдэн халдлага дараалан зохион байгуулжээ.
Тэсрэх бодис ачсан хоёр автомашин тус улсын шоронгийн захиргааны байрны гадна дэлбэрсэн бол Эквадор даяар зургаан шоронд хоригдлууд бослого гаргаж, нийтдээ 50 харгалзагч, долоон цагдааг барьцаалсан байна.
Саяхныг хүртэл тивийнхээ хамгийн амар амгалан улсад тооцогддог байсан Эквадор сүүлийн жилүүдэд хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүдийн сөргөлдөөний талбар болсон юм.
Тус улс дэлхийн хамгийн том кокаин тариалагч улсууд болох Колумб, Перутэй хил залгадаг. Эквадорын шоронгууд Мексик, Колумбын картелиудтай холбоотой гэмт хэргийн бүлэглэлүүдийн үүр уурхай болж, 2021 оноос хойш 430 гаруй хоригдол алагдсан юм.
Тэдний ихэнхийг шатааж, мөчилж алсан байдаг.
Пүрэв гарагийн шөнө бас гурван газарт гар бөмбөг дэлбэрсэн тухай Кито хотын захирагч Пабел Муноз мэдээлжээ.
Нэг дэлбэрэлт болсон газрын орчмоос цагдаа нар зургаан хүнийг баривчилсны дотор Колумб улсын иргэн байсныг хар тамхитай тэмцэх албаны тэргүүн, генерал Пабло Рамирез мэдээлсэн байна.
Баривчлагдсан бүх хүн дээрэм, аллага, сүрдүүлгийн гэмт хэрэгт холбогдсон түүхтэй байжээ.
Кито хотод гарсан энэ үймээн самуун нь 1980-аад онд Колумбын картелийн босс Пабло Эскобарын явуулсан террорист ажиллагааг санагдуулж байгаа юм.
Долдугаар сард Эквадорын ерөнхийлөгч Гуиллермо Лассо 60 хоногийн онц байдал зарлаж, шоронгуудад журам сахиулахаар армийн цэргүүдийг оруулах шийдвэр гаргаж байв.
2022 онд Эквадор улсад 100,000 хүнд ногдох аллагын тоо 26 хүрсэн нь өмнөх оноосоо барах хоёр дахин өсөж, Колумб, Мексик, Бразил улсуудын үзүүлэлтийг давсан юм. Аллага, хүчирхийлэл улс төрийн хүрээнд халдаж, өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэг Фернандо Виллависиенсио нийслэл Кито хотод алагдсан. Энэ аллагад хар тамхины бүлэглэлүүд сэжиглэгдэж байна.
Эквадорын баруун өмнөд эргийн боомт хот Гуаяакил өнөөдөр тус улсын гэмт хэрэг, хүчирхийллийн төв болоод байгаа. Тус боомтоор АНУ, Европ руу хар тамхи тээвэрлэх зам дайрдаг.
Гуаяакил хотод дэлбэрэлт, хүн барьцаалалт, дээрэм тонуул, мөчилсөн хүмүүсийн цогцсыг гүүрнээс дүүжилсэн аймшигт хэргүүд байнга гарах болжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!