Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/06/06-НД НИЙТЛЭГДСЭН

П.Эрхэмбаяр: Шүүгдэгч нар Хөгжлийн Банканд хохирол, хор уршгийг төлж барагдуулсан эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалттай

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 6 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааны явцын талаар иргэний нэхэмжлэгч буюу Хөгжлийн Банкны өмгөөлөгч П.Эрхэмбаяр Улаанбаатар чуулгын байрны гадаа өнөөдөр мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 36 дахь өдрөө тасралтгүй үргэлжилж, эцэслэх тал руугаа орж байна. Өчигдрөөс дүгнэлтийн үе шат эхэлсэн буюу Прокурор яллах дүгнэлтээ танилцуулсан. Өмгөөлөгчдийн эхний дүгнэлт 20 минут, дараагийнх нь 10 минут үргэлжлээд Шүүгдэгч үгээ хэлснээр гэм буруугийн шүүх хуралдаан завсарлана. Дараа нь ялын хурал үргэлжлэх байх. Зарим шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-т заасан гэмт хэрэг бол хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хохирол, хор уршгийг төлж барагдуулсан  эсэхээс үл хамааран эрүүгийн хариуцлага оногдуулах зохицуулалттай.

Учир нь албан тушаалын гэмт хэрэг хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй гэмт хэрэг байдаг.

Тэгэхээр заавал материаллаг хохирол учирсан байх ёстой, шүүгдэгч түүнийг төлсөн бол эрүүгийн хариуцлага хүлээхгүй байж болно гэсэн зохицуулалт байхгүй.

Нөгөө талаар шүүгдэгч нараас Хөгжлийн Банкны хохирлыг төлсөн байтал та нар яагаад гомдоод байгаа юм бэ? Энд юу хийж яваа юм? гэж асууж байна. Жишээлбэл хүнийг хэвтэрт ортол зодчихоод эмчилгээний мөнгийг чинь өгчихсөн одоо юундаа гомдоод байгаа юм бэ? гэдэгтэй агаар нэг сонсогдоно.

Мөн иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцааг энэ танхимд шүүгээгүй. Хөгжлийн Банкны 19 төслийг санхүүжүүлсэн мөнгийг төсөл хэрэгжүүлэгч нарт олгохдоо Хөгжлийн банкны удирдах албан тушаалтан нар авлига авсан, өгсөн, хууль бус дүгнэлт, танилцуулга, хуурамч баримт бичиг бүрдүүлэхтэй холбоотой л үйл баримтыг шүүж байгаа юм. Үүнийг шүүгдэгч нар зээлийн гэрээ мэт тайлбарлаж, мэдүүлэг өгч байгаа харагдсан" хэмээн ярилаа.