Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/31-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Хуягбаатар: Хийлдэг тоглоомуудын даац, суурийн бэхэлгээг шалгаж байгаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярт зориулсан арга хэмжээнүүд 14 байршилд болно. Энэ үеэр иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөв.

Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын Хөдөлмөрийн хяналтын мэргэжилтэн Г.Хуягбаатар "Хүүхдийн тоглоомын аюулгүй байдалд нийслэлийн Гэр бүл, хөгжлийн газартай хамтран хяналт тавьж байна. Сүхбаатарын талбайн баруун урд талд таван төрлийн тоглоом байршуулна. Найман заалт бүхий зөвлөмж, стандартыг дагаж мөрдөх шаардлагатай байгааг байгууллага, иргэдэд хүргээд байна.

Хүүхдэд зориулсан хийлдэг тоглоомуудын даац, суурийг бэхэлсэн эсэхийг шалгаж байгаа" гэв.

НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн мэргэжилтэн Б.Амгаланзаяа "Зургаадугаар сарын 1-ний өдөр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын хамгаалалтад Онцгой байдлын байгууллагаас дөрвөн байршилд үүрэг гүйцэтгэнэ. Тодруулбал, Сүхбаатарын талбайгаас Монголын хүүхдийн ордон, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Соёл амралтын хүрээлэн гээд өргөн хүрээтэй баярын арга хэмжээ зохион байгуулагдах газруудад 32 албан хаагч, таван автомашинтайгаар ажиллана.

Нийслэлийн хүрээний гал түймэр унтраах, аврах ангиудын томилгоот ээлжийн бүрэлдэхүүнүүд 24 цагаар болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх бэлэн байдалд байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарын хэмжээнд 789 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр амралтын өдрүүдэд бороо хур ихтэй байх нь. Тиймээс амралт зугаалгаар явахдаа хүүхдүүддээ тавих анхаарлаа сайжруулж, гол усны аюулаас сэргийлэх, ногоон бүсэд зорчихдоо ил гал гаргахгүй, өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулъя" хэмээн хэллээ.