Хэнтий аймгийн Бэрхийн уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, нас барсан, хөдөлмөрийн чадвараа алдсан 112 уурхайчны ар гэрийнхэн гурван шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхийг УИХ-аас шаардаж, хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Хохирсон иргэдийг төлөөлж Д.Алтангэрэл "Анх 290 гаруй уурхайчин өөрсдийн нотлох баримтыг бүрдүүлж, итгэмжлэлээ өгч байсан. Эдгээр бичиг баримтыг цуглуулж, 2007 оны арваннэгдүгээр сараас Хөдөлмөрийн тухай хуульд заасан нөхөн төлбөр авах эрхтэй эсэх тухай асуудлыг албан бичгээр тавьж, МХЕГ-т хандсан байдаг. Бэрхийн уурхайд ажиллаж байсан 290 хүний асуудлаар мэргэжлийн хяналтаас "Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хоёр удаагийн нөхөн төлбөр авах эрхтэй хүмүүс байна" гэж дүгнэсэн.
Дээрх дүгнэлтийг бариад 2008 онд Засгийн газар, Төрийн өмчийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам зэрэг холбогдох байгууллагаар явсан ч эрх ашиг нь хөндөгдсөн уурхайчдын асуудлыг авч хэлэлцээгүй.
Ингээд 2010 оны хаврын чуулганаар Бэрхийн уурхайчдын асуудал хэлэлцэгдсэн байдаг. Үнэхээр эрх нь зөрчигдсөн байна. Тиймээс арга хэмжээ авах ёстой хэмээн дэмжсэн боловч асуудлыг улс төржүүлж орхигдуулсан. Хэрэв Бэрхийн уурхайн асуудлыг шийдвэл Налайхын уурхай, Шарын голын уурхай, Багануурын уурхайд ч асуудал үүснэ гэж хандсан. Мөн захиргааны хэргийн шүүхэд хандсан ч асуудлыг улс төржүүлсэн" гэлээ.
Тэд үргэлжлүүлэн "Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас нас барсан болон хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгаж байгаа талаар шүүхийн шийдвэр гарсан.
Шүүхийн шийдвэрт бичсэнээр, Бэрхийн уурхайн нэр бүхий 112 хүний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, тус уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Монгол Улсын Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож гэж бичсэн байгаа юм. Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг тогтоосон юм бол иргэд маань нөхөн төлбөрөө авах эрхтэй болно. Гэтэл хохирлын асуудлыг шийдвэрлэхийн оронд Засгийн газарт даалгасан. Шүүхийн эцсийн шийдвэрийг Засгийн газар мэдэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл ямар ч асуудал шийдвэрлэгдээгүй. Шийдье ч гэж яваагүй.
Та бүхэн мэдэх байх. 2000 онд Бэрх тосгоноос одоогийн Ерөнхийлөгч УИХ-д дөрвөн удаа сонгогдсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бэрхийнх.
Хэрэв Бэрхийн нэр бүхий уурхайчдын асуудлыг шийдэх юм бол давуу байдлаа ашигласан гэж асуудал яригдана. Мөн хамаарал бүхий иргэдийн асуудлыг шийдвэрлэлээ гэж давхар асуудал яригдана. Бэрхийн уурхайчдынхаа асуудлыг шийдсэн юм чинь манай асуудлыг шийдэж өг гэж бусад уурхайчин эсэргүүцнэ. Ийм учраас Л.Оюун-Эрдэнэ асуудлыг өөрөөсөө холдуулж, шийдвэрлээгүй.
Бид өмнө нь УИХ-ын даргад хоёр удаа албан ёсоор бичиг хүргүүлсэн. Удаа дараалан уулзах хүсэлт өгсөн. Гэвч одоог хүртэл хариугаа аваагүй учраас дахин уламжилж байна.
Тавдугаар сарын 3-ны дотор бидэнтэй уулзаж, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх тухай асуудлыг ярилцахгүй бол дараагийн асуудалд орно. Бид хууль журамдаа итгэж 15 жил энэ асуудлын төлөө хөөцөлдөж гүйсэн ч шийдвэрлэхгүй байна" хэмээн хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!