НЗДТГ-аас зах худалдааны төвийн удирдлагуудтай замын түгжрэлийг бууруулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.
Санамж бичгийн дагуу “Нарантуул”, “Хархорин” "Барс" захын удирдлагууд зохион байгуулалтын ажлуудаа эхэлжээ.
Тухайлбал, “Нарантуул” худалдааны төвийн хуучин хүнсний захын урд хэсэгт худалдаа явуулж байгаа түрээслэгчдийг шилжүүлж зогсоолын талбайг чөлөөлж эхэлсэн, зах руу орох болон гарах гарцны тоог нэмэгдүүлжээ. Ингэхдээ “Нарантуул” худалдааны төвийн зүүн хойд хаалганаас хойшоо болон зүүн зүг рүү гарсан хоёр гудамжийг чөлөөлж тээврийн хэрэгсэл явахад саадгүй болгож гэрэлтүүлэг хийжээ.
Мөн бага оврын автобусны зогсоолыг захын зүүн урд хэсэгт шилжүүлж зөвхөн хойд талын хаалгаар гаргаж байгаа аж.
Энэ мэтчилэн зах худалдааны төвүүд хотын тохижилт, өнгө үзэмжийг сайжруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийгмийн дэг журам хангуулах, түрээслэгчид, ажиллагсад, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллахад нэгдсээр байгаа юм.
Үүн дээр нэмэгдэж “Баянзүрх худалдааны төв 1”, “Баянзүрх худалдааны төв 2”, “Нарантуул -2”, “Алтжин” худалдааны төв, “Да хүрээ” техникийн зах, “Юмт бөмбөгөр” худалдааны төвийн удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяатай “Санамж бичиг” байгуулсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!