"Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлнэ"
Яармагийн Арцатаас Хархорин чиглэлд баригдаж байгаа дүүжин замын тээвэр төслийн нэгдүгээр шугамын нийт гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьд хүрчээ. Тулгуур багана хоорондыг холбох кабелийг агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг 4-5 дугаар сард бүрэн угсарч дуусгасан бөгөөд холбооны кабель суурилуулах бэлтгэл ажлыг эхлүүлжээ.
Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр дүүжин замын тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлнэ.
Цамхаг, кабиныг угсарснаас хойш бүтэн зургаан сарын хугацаанд зорчигч суулгахгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх дүрэмтэй байна. Дүүжин тээврээр зорчих тарифыг ₮3,000-аар тогтоовол 2030 оноос ашигтай ажиллана гэж тооцоолжээ.
Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх зайг ердөө 11 минутын дотор туулах бөгөөд нэг кабин буюу бүхээгт 10 хүн суух аж.
Төсөл хэрэгжсэнээр Яармагаас Хархорин чиглэлийн автомашины хөдөлгөөнийг ойролцоогоор нэг хувиар буюу өдөрт 100 мянган автомашин зорчдог бүсэд хөдөлгөөнд оролцох автомашины тоо 1,000 орчмоор цөөрөх боломжтойг судалгаагаар тогтоожээ.
Бүтээн байгуулалтыг 2024 оноос эхлэнэ Францын Пома группийн инженерүүд болон “Моннис инженеринг” ХХК, "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

