С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт 20 жилийн хорих ял авсан хүмүүсийн хэргийг өчигдөр хэрэгсэхгүй болгосон. Энэ асуудлаар Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "С.Зоригийг хөнөөсөн хэргийг Д.Дорлигжав прокурор, Тагнуулын Ерөнхий Газрын дарга Б.Ариунсанг байх үед шалгаж эхэлсэн.
Дараа нь Г.Эрдэнэбат прокурор бид хоёрын үед уг хэргийг шалгах ажлыг үргэлжлүүлсэн. Хэрэгт Г.Эрдэнэбат прокурор хяналт тавьж байсан.
Уг хэргийг нууцын зэргээс гаргах хүсэлт тавьж байсан ч гаргаж өгдөггүй. Би шоронд хэвтэж байхдаа эхнэр, хүүхдээрээ хүртэл нууцын зэргээс гаргах хүсэлтийг тухайн үеийн Аюулгүйн зөвлөлийн гурван даргад тавьж байсан. Хурц нарын хэрэг гээд ярьдаг, үүнийг ч нууцын зэргээс гаргачихвал бүх зүйл тодорхой болно. Бидэнд яаж ял тулгаж өгч байсан нь ил болно. Одоо хөөс арилж байна.
Хүн эрүүдэн шүүлээ гэж нийгэмд ярьж байна. Хатуухан хэлчихье. Нэг камерт хоёр хоригдол хоорондоо хэргээ яриад зодолдоод байгаа асуудал. Жинхэнэ эрүүдэн шүүлт гадуур ямар байгаа билээ.
Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Нямдорж өөрөө гарч ирж байгаа нь улс төрийн хэрэг. Улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо. Болоогүй, бүх юмны эхлэл ч байж магадгүй.
2017 оны аравдугаар сард Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр ээлжилж гарч ирээд Хурцыг ажлаас нь халаад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийн зарлана гэснийг санаж байгаа байх. Бичлэгүүд нь бий. С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчийг тэд нараас асуух хэрэгтэй.
Ц.Нямдорж өнөөдөр байгаа МАН-ын удирдлагыг шантаажилж хэргийг хэрэгсэхгүй болгуулах гэж ямар нэгэн юм руу түлхсэн байх гэж харж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Ц.Нямдорж" хэмээн ярьсныг News.mn сайтын шууд дамжуулалтаас хүргэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!