Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр анхны гар утас ажиллаж эхэлсний 50 жилийн ойн өдөр

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 3-н бол анхны гар утас ажиллаж эхэлсний 50 жилийн ойн өдөр юм.

1973 оны энэ өдөр Америкийн инженер Мартин Купер хамгийн анхны гар утсаар анх удаа залгаж байжээ.

Одоо 94 настай Куперыг “Гар утасны эцэг” гэж нэрлэдэг.

АНУ-ын Калифорни мужийн Дел Мар хотод амьдардаг тэр одоо хамгийн сүүлийн үеийн iPhone барьж, бугуйдаа Apple Watch зүүжээ.

Купер 50 гаруй жилийн өмнө Моторола компанид ажиллаж байхдаа анхны гар утас зохион бүтээх төслийг удирдаж байсан юм.

Тус компани энэ чиглэлд гол өрсөлдөгч Bell Systems компаниас түрүүлэхийн тулд төсөлдөө олон сая долларын хөрөнгө оруулж байжээ.

1877 оноос хойш АНУ-ын цахилгаан холбооны салбарыг тэргүүлж байсан Bell компанийн инженерүүд дэлхийн хоёрдугаар дайны дараа үүрэн холбооны систем зохион бүтээхээр ажиллаж эхэлсэн байна.

Ингээд тэд 1960-аад оны үед автомашинд суурилуулдаг утас бүтээжээ. Батарей нь маш том, хүнд байсан тул автомашинд байрлуулахаас өөр аргагүй байсан гэнэ.

Харин Куперын баг жинхэнэ утгаараа хөдөлгөөнт гар утас бүтээхээр ажиллаж байжээ.

Ингээд 1973 оны гуравдугаар сарын сүүлээр DynaTAC (Dynamic Adaptive Total Area Coverage) нэртэй гар утас бэлэн болсон байна.

“Энэ гар утас нэг килограмм гаруй жинтэй, батарей нь 25 минут ярихад л хүрэлцдэг байлаа. Гэхдээ энэ асуудал байгаагүй. Маш хүнд тул хүн 25 минутаас удаан барьж ярих боломжгүй байлаа” гэж Купер өнөөдөр дурссан юм.

Харин энэ гар утасныхаа анхны дуудлагыг тэр өрсөлдөгчтэйгөө ярихад зориулж байжээ.

“Нью-Йоркийн зургаадугаар өргөн чөлөөнөөс би өрсөлдөгч Bell Systems компанийн доктор Жоэл Энгел рүү залгаж байв. “Жоэл, би Мартин Купер байна. Би чам руу гар утаснаас залгаж байна. Гэхдээ жинхэнэ зөөврийн, алганд багтах, хувийн гар утаснаас шүү” гэж намайг хэлэхэд тэр хариулаагүй. Тэр энэ үед шүдээ хавирч байсан байх гэж би боддог” гэж Купер ярьсан юм.

Анхны гар утас $5,000 орчим үнэтэй байжээ.

“Хэзээ нэг өдөр хүн бүр гар утастай болно гэж бид төсөөлж байлаа. Өнөөдөр энэ төсөөлөл бараг биелсэн байна. Өнөөдөр дэлхийн хүн амаас олон гар утасны хэрэглэгчтэй болжээ. Бидний мөрөөдөл биелсэн гэж болно” гэж Купер ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP