Пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ хаврын цэрэг татлагад хамрагдах иргэдийн тоог 147,000 байхаар баталжээ.
Энэ нь өнгөрсөн хаврын цэрэг татлагатай харьцуулахад 12,500-аар өссөн тоо юм.
Хаврын цэрэг татлага өнөөдөр буюу Бямба гарагаас эхэлж, долдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх юм байна.
Үүнд 18-27 насны эрчүүдийг хамруулах юм.
Гэхдээ 147,000-д хүргэхийн тулд ОХУ-ын батлан хамгаалах яам цэрэг татлагаас зайлсхийгчидтэй нэлээд ширүүн тэмцэх хэрэгтэй болно гэж ажиглагчид үзэж байна.
Тухайлбал Оросын хүн ам зүйч Алексей Ракша 2004 онд төрсөн 770,000 эрэгтэйн 19 хүртэл хувийг дайчилж чадсан тохиолдолд энэ тоонд хүрэх боломжтой гэж тооцоолжээ.
Украины дайны нөхцөл байдал цэргийн хугацаат алба хаах иргэдийн сонирхлыг нэлээд бууруулсан нь тодорхой байгаа. Өчигдөр ОХУ-ын зэвсэгт хүчний жанжин штаб энэ хаврын цэрэг татлагад хамрагдсан иргэдийг Украины фронтод илгээхгүйгээ амлажээ.
Оросын эрх баригчид Украинд хугацаат цэргийн алба хаагчдыг илгээхгүй, зөвхөн гэрээт алба хаагчдыг явуулахаа өмнө нь ч бас мэдэгдэж байсан юм.
Одоогоор тус улсын арми 400,000 орчим гэрээт цэргийн алба хаагчтай гэсэн тоо байдаг.
2024 оноос эхлэн тус улсад цэргийн хугацаат алба хаагчдын насны хязгаарыг 27-оос 30 болгон өсгөх гэж байгаа. Доод босгыг нь бас ойрын гурван жилийн хугацаанд 18-аас 21 болгон шат дараатай өсгөх юм.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!