Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг(УХТЭ)-ээс үйлчлүүлэгчдэдээ зориулан сэтгэл заслын эерэг нөлөө үзүүлэх, эмнэлгийн орчинд эерэг уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор өнөөдөр сонгодог "Хөгжмийн булан"-г нээсэн байна.
Энэ талаар Хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Эрдэнэбулган "Бид үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө, нөгөөтэйгүүр эмчлүүлэгч, эмч ажилтныхаа стрессийг тайлах зорилгоор дээрээс хойш бодож явсан сонгодог хөгжмийн булангаа хийх боломж бүрдэж, өнөөдөр ийнхүү нээж байгаадаа баяртай байна.
Эмнэлгийн орчинд хөгжмийн булан байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг тайвшруулах, ажилчдын стрессийг тайлах боломжтой бөгөөд хүн сайхан хөгжим сонссоноор тухайн хүн айж сандрах биш, асуудлын гарцыг шийдэхийн төлөө эрмэлзэх нөхцөл бүрддэг гэж үздэг. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан учраас олон улсад эмнэлгүүд энэ аргыг их түгээмэл ашигладаг.
Манай эмнэлгийн зүгээс хөгжмийн сургуулиуд, энэ төрлийн ААН-үүд, хувь хүмүүстэй хамтран сонгодог хөгжмийн булангаа тогтмол ажиллагаатай байлгах талаар анхаарна. Эхний ээлжид долоо хоногтоо 2-3 удаа урилгаар хөгжимчид авчирч тоглуулж байхаар төлөвлөсөн. Уг төслийг хэрэгжүүлэхэд дэмжсэн яаралтай тасгийн хамт олон, амбулаторийн хамт олон, олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархсанаа илэрхийлье" гэлээ.
Эх сурвалж: Эрүүл Мэндийн Яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!