Шинэ эх үүсвэрүүд болон дулаан өвлийн үр дүнд Европын зах зээлд байгалийн хийн нэг мегаваттын үнэ 50 еврогоос доош буурсан нь сүүлийн 18 сарын хугацааны хамгийн доод түвшин болжээ.
Өчигдөр буюу Баасан гарагт энэхүү түүхий эдийн ханшийн гол хэмжүүр болдог TTF гэрээний үнэ 5 хувиар унаж, 49 евро хүрсэн байна.
Өнгөрсөн оны зун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний нийлүүлэлтээ хязгаарлаж, Европын орнуудыг сүрдүүлж байх үед байгалийн хийн үнэ ханш дээд цэгтээ хүрч байв. Харин өнөөдөр үүнээс 85 хувиар буураад байна.
Гэхдээ энэ нь байгалийн хийн үнэ ханшийн түүхэн доод хэмжээ болох 10-30 евротой харьцуулахад өндөр юм.
Европ тивд өвөл дуусах шатандаа ороод байхад байгалийн хийн нөөцийн сав нь 65 хувийн дүүргэлттэй байна.
АНУ, Ойрх Дорнодын шинэ эх үүсвэрүүд өнөөдөр Европ тивийн гол нийлүүлэгчид болоод байгаа. Тухайлбал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Герман улсын засгийн газар Катараас шингэрүүлсэн байгалийн хий экспортлох 15 жилийн хугацаатай гэрээ байгуулж байв.
Европын зах зээлээ алдсан ОХУ одоо байгалийн хийгээ Хятадад нийлүүлэхээр ажиллаж байна.
Өнгөрсөн сард Оросын төрийн өмчит Газпром компанийн гадаад зах зээлээс олсон орлогын хэмжээ жилийн өмнөх мөн үеэс $3 тэрбумаар буурсан юм.
Гэхдээ Хятадын хийн зах зээлд өөр өрсөлдөгчид ч бий. Тухайлбал Катар улс саяхан Хятадад шингэрүүлсэн хий нийлүүлэх 27 жилийн хугацаатай гэрээ байгуулсан юм. Гэрээ ёсоор тус улс жил бүр 4 сая тонн хий нийлүүлэх ажээ.
Эх сурвалж: Business Insider
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!