Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Турк-Сирийн газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 20,000 хүрлээ

Т.Давааням, ikon.mn
2023 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт Турк улсын өмнөд, Сири улсын хойд бүсэд тохиосон газар хөдлөлтийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 20,000 давсныг албаны эх сурвалжууд мэдээллээ.

Нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжлээд дөрөв хонож байна.

Дэлхийн 95 улс тусламж үзүүлэх санал тавьсан тухай Туркийн гадаад хэргийн сайд Мэвлют Чавушоглу өчигдөр Анкарад сэтгүүлчидтэй уулзахдаа мэдээлжээ.

“Бид дэлхийн 95 улсаас тусламж үзүүлэх санал хүлээж аваад байна. Одоо 56 улсын 6,479 аврагч эрлийн ажиллагаанд оролцож байгаа. Өөр 19 улсын аврагчид 24 цагийн дотор ирэх төлөвтэй байна” гэж тэр мэдээлсэн юм.

Өчигдөр НҮБ-ын тусламжийн ачааг тээвэрлэсэн зургаан автомашинтай эхний цуваа Туркийн хилийг давж, Сири улсын нутагт хүрчээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус өчигдөр Сири улсыг зорьсон байна. Өвлийн хүйтэнд олон мянган хүн орон байр, хоол хүнс, ус, цахилгаангүй хүнд нөхцөлд амьдарч байгаа нь хоёрдогч гамшгийг эхлүүлж болзошгүйг тус байгууллага анхааруулсан юм. Тухайлбал ийм хүнд хэцүү нөхцөл байдал нь газар хөдлөлтөөс ч илүү олон хүний аминд хүрэх эрсдэлтэй гэж ДЭМБ үзэж байна.

Туркийн эрх баригчид өмнөх томоохон газар хөдлөлтийн дараа барилгын стандартаа шинэчилж, гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай татварыг хүртэл бий болгож байжээ.

Гэтэл энэ удаагийн гамшигт 1999 онд болсон газар хөдлөлтөөс илүү их хохирол амссан нь Туркийн олон нийтээс нэлээд шүүмжлэл дагуулаад байна.

24 жилийн өмнө умард Туркийн Мармарад болсон газар хөдлөлтийн улмаас 17,000 гаруй хүний амь үрэгдэж байсан юм.

Энэ удаагийн газар хөдлөлтөд үүнээс ч олон хүн амиа алдаж, 6,000 гаруй барилга нураад байгаа.

Сүүлийн 20 жил засгийн эрхийг барьсан ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган, түүний AКP нам үүний хариуцлагыг хүлээх ёстой гэж олон хүн үзэж байна.

Тавдугаар сард болох Туркийн парламентын сонгуульд энэ удаагийн гамшиг нөлөөлөх нь тодорхой болжээ.

 

Эх сурвалж: BBC