Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурлыг Улаанбаатар чуулгын байранд хийх боломжоор хангах хүсэлтийг НЗДТГ-т өгчээ

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 2 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас Хөгжлийн Банкны хэрэгт 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлсэн.

Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-өөс Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан 87 оролцогчтой хэргийн шүүх хуралдаан хийх танхимыг Засгийн газраас шийдвэрлэж өгнө үү гэх албан бичиг өгсөн байна.

Иймд сайд Х.Нямбаатар Улаанбаатар чуулгын байранд шүүх хуралдаан зохион байгуулах боломж нөхцөлийг хангаж өгөх хүсэлтийг өнөөдөр нийслэлийн Засаг Даргын Тамгын Газарт хүргүүлжээ.

Хөгжлийн Банкны хэргийн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтийг сэтгүүлчид нэгдүгээр сарын 16-ны өдөр ШЕЗ-д өгч байв.

Тухайн үед ШЕЗ-ийн гишүүн Н.Отгончимэг "Шүүх хуралдааныг зөвхөн шүүхийн байранд хийдэг. Талууд, өмгөөлөгч, прокурор зэрэг дээр нэмэгдээд сонирхсон хүмүүс, сэтгүүлчид оролцоно гэвэл бүгдийг нь багтаах шүүх хурлын танхим гэж байхгүй. Гэхдээ бодит байдлаа ярьж байгаа нь нөхцөлийг нь хангаж өгөхгүй гэж байгаа хэрэг огт биш. Шүүх хурал нээлттэй явна гэж шийдвэрлэвэл нөхцөлийг нь чадлынхаа хэмжээнд хангана" гэж хариулсан юм.