Зураг
Зураг

Финланд улс Оросын аюулаас хамгаалахын тулд нэг сая ширхэг газрын мина худалдаж авахаар төлөвлөжээ

Т.Давааням, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Финланд улс нэг сая ширхэг газрын мина худалдан авахын тулд 100 сая евро зарцуулахаар төлөвлөжээ.

Тус улс явган цэргийн эсрэг мина ашиглахыг хориглосон НҮБ-ын гэрээнээс өнгөрсөн онд гарсан юм.

Украиныг тууштай дэмждэг холбоотнууд болох Эстони, Латви, Литва, Польш улсууд ч мөн Оросын зүгээс ирж болзошгүй аюул заналын улмаас Оттавагийн конвенцоос гарсан билээ.

Финландын зэвсэгт хүчний хурандаа Рику Микконен тус улсын үндэсний мэдээллийн STT агентлагт өгсөн ярилцлагадаа албаныхан одоо боломжит нийлүүлэгчдийн мэдээллийг цуглуулж байгаа талаар дурджээ.

Эрх баригчид эдгээр зэвсгийг дотоодын үйлдвэрлэгчдээс авах хүсэлтэй байгаа бөгөөд 2027 оны эцэс гэхэд гэрээ байгуулж, 2028 он гэхэд үйлдвэрлэлийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

"Хэрэв Финландын компаниуд явган цэргийн эсрэг минийг эх орондоо үйлдвэрлэвэл олон талаараа ашигтай байх болно" гэж хэлсэн Микконен одоогоор дотоодын зургаа орчим компани энэ шаардлагад нийцэж байгааг мэдээлжээ.

“Гэхдээ бид минийг гадаадаас худалдан авах хувилбарыг одоохондоо бүрмөсөн үгүйсгээгүй байна" гэж тэр нэмж хэлсэн юм.

Финланд улс 2012 онд явган цэргийн эсрэг минийг устгах зорилготой хүмүүнлэг ёсны гэрээ болох Оттавагийн конвенцод нэгдэн орж байсан юм.

Гэвч аюулгүй байдлын нөхцөл муудаж байгаатай холбогдуулан 2025 оны дөрөвдүгээр сард уг гэрээнээс гарахаа мэдэгдэж, улмаар энэ оны нэгдүгээр сараас эхлэн тус гэрээнд заасан үүргийг хүлээхээ больсон байна.

Финландын зүүн талаар хилд залгадаг Орос улсыг ерөнхий сайд Петтери Орпо "урт хугацааны аюул занал" гэж тодорхойлж байв.

Финланд нь Орос улстай ойролцоогоор 1,340 километр урт хуурай газрын шугамаар хиллэдэг. Хилийн энэ хэсгээр Оросын талаас хууль бус цагаачдыг нэвтрүүлэх оролдлого гарч байсан.

2022 онд Оросын арми Украины нутагт халдан довтолсноос хойш Финланд улс батлан ​​хамгаалах чадвараа бэхжүүлсээр байгаа.

Даваа гарагт тус улсын гадаад хэргийн сайд Элина Валтонен дайныг дуусах хүртэл Оросын иргэдэд аялал жуулчлалын виз олгохоо зогсоохыг Европын Холбоонд уриалсан юм.

“Орос улс түрэмгийллээ үргэлжлүүлж байгаа цагт Оросын иргэдэд аялал жуулчлалын виз олгох ёсгүй. Өөрсдийнх нь улс украинчуудын орон гэрийг бөмбөгдөж байхад тэд Европын эрх чөлөөг эдлэх нь зохимжгүй хэрэг” гэж тэр мэдэгджээ.

Шенгений бүсийн орнууд 2025 онд Оросын иргэдэд хагас сая орчим аялал жуулчлалын виз олгосныг Валтонен энэ үеэр дурдсан байна.

Финланд улс 2022 онд ОХУ-ын иргэдэд ийм төрлийн виз олгохоо зогсоож байжээ.

 

Эх сурвалж: Reuters