Исламын шашны ариун хот Меккад “ёс бус үйлдэл” гаргасан Бангладешийн хоёр иргэнийг цаазалснаа Саудын Араб зарлажээ
Исламын шашны хамгийн ариун газар гэгддэг Мекка хотын нэг сүмд “ёс бус үйлдэл” гаргасан үндэслэлээр Бангладеш улсын эрэгтэй, эмэгтэй хоёр иргэнийг цаазалснаа Саудын Арабын гадаад хэргийн яам Даваа гарагт зарлажээ.
Цаазлуулсан хүмүүс нь Назрул Ислам Абдул Басир, Сити Ахтар нар байсныг мэдэгдэлд дурдсан байна.
Бангладеш улсын эрх баригчид уг ялыг гүйцэтгэхээс өмнө ямар ч мэдэгдэл ирээгүйг батлаад Саудын Арабын талаас энэ талаар тодруулга хүсжээ.
Саудын Арабын дотоод хэргийн яам Бангладешийн эдгээр иргэдийг "цаг хугацаа болон орон зайн ариун нандин байдлыг зөрчсөн, маш ноцтой бөгөөд хүнд хэлбэрийн үйлдэл" гаргасан хэмээн цаазлах болсон шалтгаанаа тайлбарласан байна.
Ялыг холбогдох шатны шүүх гаргаж, эзэн хаан баталснаар өнгөрсөн долоо хоногийн Лхагва гарагт Мекка хотын орчимд гүйцэтгэснийг уг мэдэгдэлд дурджээ.
Саудын Араб нь цаазын ялыг хамгийн олноор гүйцэтгэдэг дэлхийн улсуудын нэг бөгөөд Эмнести Интернэйшнл байгууллагын хамгийн сүүлийн тоо баримтаар нэг жилийн дотор 356 гаруй хүн цаазалсан үзүүлэлтээр Хятад, Ираны дараа гуравдугаарт бичигдэж байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

