Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Японд хуучин Приус автомашины катализаторын хулгай нэмэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 12 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Украины дайнтай холбоотой үнэт металл ховордсон нь Toyota Prius автомашины хуучин загваруудын катализатор буюу нүүрсэн яндангийн хулгай нэмэгдэхэд нөлөөлснийг Японы хэвлэлүүд мэдээлжээ.

Автомашины хорт утааны ялгаралтыг багасгадаг энэхүү эд ангид platinium, palladium, rhodium гэсэн гурван үнэт металл ордог. Украины дайнтай холбоотой эдгээрийн олдоц ховордсон нь хар зах зээр Prius автомашины катализатор үнэ хүрэхэд нөлөөлжээ.

ОХУ дэлхийн palladium нийлүүлэлтийн 40 орчим хувийг дангаараа хангадаг юм. Одоо дэлхийн зах зээлд энэ металлын трой унц тутам нь $1,870-аар арилжаалагддаг.

Японы Чиба мужийн цагдаагийн газарт энэ оны эхний арван нэгэн сарын байдлаар катализаторын хулгайн 133 хэрэг бүртгэгджээ. Эдгээрийн 80 орчим хувь Prius загварын автомашинаас алдагдсан байна.

Өнгөрсөн онд ийм төрлийн хулгай тус мужид арав гаруй тохиолдол бүртгэгдэж байжээ.

Хулгайн катализаторын нэг бүр нь хар зах дээр 200,000 иений ($1,455) үнэ хүрдэг тухай хэвлэлүүд мэдээлсэн байна.

Toyota Motors компанийн төв байрладаг Айчи мужийн цагдаагийн газар хуучин автомашины катализаторуудыг хэрхэн хулгайлж, зардаг талаар судалж байгаагаа мэдээлжээ.

Японы Үндэсний Цагдаагийн Газар түүхий эд худалдан авагчдад катализатор зарсан тохиолдлуудыг бүртгэх, дэлгэрэнгүй тэмдэглэл үлдээх заавар чиглэл өгсөн байна.

Ийм төрлийн хулгай зөвхөн Японд биш, бас АНУ, Их Британид гарах болжээ.

Тухайлбал хуучин автомашины катализаторыг түүхий эд цуглуулагчид $50-$250 орчмоор авдаг тухай Их Британийн хууль сахиулагчид мэдээлснийг Никкей сонин уламжилсан байна.

Өнгөрсөн сард АНУ-ын хууль хүчнийхэн автомашины катализатор хулгайлж зардаг гэмт хэргийн сүлжээг илрүүлж, 21 хүнийг баривчилсан юм.

Гурван жилийн өмнө эхэлсэн хулгайн сүлжээний хүрээнд гэмт хэрэгтнүүд Нью-Жерси дэх DG Auto Parts компанид катализатор нийлүүлдэг байжээ. Энд цугларсан эд ангиас ховор металлыг ялгах үйлдвэрлэл явуулж, нийтдээ $545 саяын орлого олсныг АНУ-ын хууль зүйн яам мэдээлсэн байна.

 

Эх сурвалж: Asahi Shimbun, Nikkei