Хятадын төв телевиз Катарт үргэлжилж буй хөл бөмбөгийн ДАШТ-ий дүрсийг дамжуулахдаа амны хаалтгүй хөгжөөн дэмжигчдийг зориуд харуулахгүй байгааг Блүүмбэрг агентлаг мэдээлжээ.
Тус агентлаг бусад телевизийн сувгуудын дамжуулж буй дүрсийг харьцуулан шинжлээд Хятадын телевиз стадионд буй хөгжөөн дэмжигчдийн дүрсийг хасаж, оронд нь талбай дахь тамирчид, дасгалжуулагчдын дүрсийг түлхүү үзүүлж буйг олж тогтоосон байна.
Катарт хөл бөмбөгийн тэмцээн үзэж буй хөгжөөн дэмжигчдийн ихэнх нь амны хаалт зүүхгүй байгаа. Энэ чөлөөт байдлыг өөрийн улсын “тэг ковид” хатуу дэглэмтэй харьцуулан шүүмжлэх явдал Хятадын сошиал сүлжээнд гарах болсон гэх мэдээлэл бий.
Катар улсад очсон гадаадын иргэдээс шинжилгээний хариу нэхэхгүй, эмнэлгээс бусад газарт амны хаалт зүүхийг шаардахгүй байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд Хятадад “тэг ковид” бодлогыг эсэргүүцсэн иргэд бухимдал дургүйцлээ илэрхийлэх, хөл хориог цуцлахыг шаардах явдал нэмэгдсэн нь сошиал сүлжээнд тарсан зураг, дүрснүүдээс харагдах болсон.
Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Шинжааны Өрөмч хотод эсэргүүцлийн цуглаан болсон бол өнөөдөр Бээжин, Шанхай зэрэг том хотуудад үргэлжилж байна.
Эх сурвалж: Bloomberg
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!