Зураг
Зураг
Индэр    
31 минутын өмнө
Зураг
iKon.mn сэтгүүлч

"Хятад барьцалдуулагчийг агуулахад хураачхаад монгол хоёрдугаар гурилтай шахмал түлш үйлдвэрлэж байгаа. Шалгалт ирэнгүүт агуулахад байгааг үзүүлчихдэг"

Зураг
Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаатай танилцаж байгаа нь

Сайжруулсан шахмал түлшний асуудал яригдаж байгаа энэ үед Тавантолгой түлшний үйлдвэрийн ажилтан асан манай редакцтай холбогдож, гол асуудал барьцалдуулагчид байдаг тухай мэдээлэл өглөө. 

Тавантолгой түлшний үйлдвэрийн тухайн ажилтан өөрийнхөө нэрийг нууцлахыг хүссэн бөгөөд улс төрчдийн ярианаас илүүтэй үйлдвэрт үүссэн бодит байдлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм.

"Тавантолгой түлш" ХХК нь 2019 оноос хойш шахмал түлшний үйлдвэрлэлдээ “Энержи ресурс”-ийн Ухаа худаг дахь уурхайн баяжуулах үйлдвэрээс угааж баяжуулсан нүүрсний завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний завсрын нүүрс болох мидлингийг ашиглаж байгаа. Мидлинг шахмал түлшний 95 хувийг, барьцалдуулагч нь таван хувийг эзэлдэг.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Угаасан нүүрсийг шахаж бөөрөнхий болгохын тулд Хятадаас ирсэн, Монголдоо үйлдвэрлэж буй гэсэн хоёр төрлийн барьцалдуулагч ашигладаг аж. 

Цар тахлын үед анх монгол барьцалдуулагчийг түлш үйлдвэрлэхдээ ашиглаж эхэлжээ. Ингэхдээ монгол үйлдвэрүүд ашиг гаргахын тулд хоёрдугаар гурил ашиглаж чанаргүй барьцалдуулагч үйлдвэрлэдэг. Үүнийгээ Тавантолгой түлшний үйлдвэрт ашигласаар байгаа тухай мэдээлэл өглөө.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхэд ямар асуудал гарсан, юунаас болж бутрамтгай, утаа ихтэй байгаа шалтгааны талаар ярилаа.

"Монголд үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг хэрэглэж сайжруулсан шахмал түлш хийхийг манай үйлдвэрийн инженерүүд эрс эсэргүүцэж, ашиглахгүй гэсэн боловч удирдлагууд үүрэгдээд сольсон"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Тавантолгой Түлш" ХХК-ийн үйлдвэрийн ажилтан асан "Улаанбаатарчуудын хэрэглэж буй шахмал түлшний гол асуудал барьцалдуулагч гэх цавуунд байдаг. 2019, 2020 онд Хятадаас барьцалдуулагч цавуу оруулж ирээд шахмал түлш үйлдвэрлэдэг байх үед утаа харьцангуй бага байсан.

2021 оноос цар тахал гарч хил хаагдсан учраас дотооддоо барьцалдуулагч хийж, түүнийгээ түлш үйлдвэрлэхдээ ашиглаж эхэлсэн. Шар шавар шиг шороог хоёрдугаар гурилтай холиод монгол барьцалдуулагч гаргаж авдаг. Хятадын цавууг хэрэглэж гадагшаа мөнгө гаргаснаас дотоодынхоо цавууг үйлдвэрлэж дундаас нь мөнгө идэж буй санаатай үйлдэл гэж болно. 

Би Тавантолгой түлшний үйлдвэрт ажиллаж байсан. 2021 оны үед цавууны тендер анх зарлагдаж, солигдохоор болсон. Монголд үйлдвэрлэсэн барьцалдуулагч цавуу хэрэглэхийг манай үйлдвэрийн инженерүүд тухайн үед эрс эсэргүүцэж ашиглахгүй гэсэн. Сайжруулсан шахмал түлшийг хангалттай барьцалдуулахгүй байгаа талаар шаардлага тавьсан. Гэтэл "Тавантолгой түлш" ХХК-ийн удирдлагууд тушаал гаргаж, үүрэгдээд сольсон аргагүйн байдалд орж сольсон" гэв.

"Үйлдвэрт шалгалт хийхээр хүмүүс очвол Хятадаас ирсэн барьцалдуулагч үзүүлчихдэг. Нэг тонны ууттай Хятад барьцалдуулагчийг үйлдвэрийн агуулахад хураачихсан байгаа"

зураг
 

Үргэлжлүүлэн тэрбээр "Тавантолгой түлшний зүүн үйлдвэрийн хажууд барьцалдуулагч цавуу үйлдвэрлэдэг гурван үйлдвэр бий. Тэнд очоод үзвэл хятад болон монгол цавууны ялгаа харагдах боломжтой. Гэхдээ хоёулаа ижилхэн саарал өнгөтэй нунтаг зүйл бий.

Үйлдвэрт шалгалт хийхээр хүмүүс очвол Хятадаас ирсэн барьцалдуулагч үзүүлчихдэг. Нэг тонны ууттай Хятад барьцалдуулагчийг үйлдвэрийн агуулахад хураачихсан байгаа.

Яг түлшний үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа нь Монгол барьцалдуулагч юм. Энэ хоёрыг нүдээр харахад ялгах ямар ч боломжгүй. Хоёулаа ижилхэн гурил шиг нунтаг зүйл учраас орц найрлагаар нь ялгана. Нарийн сайн ажиглавал Хятад барьцалдуулагч нь бор шаргал өнгөтэй. Монгол нь цагаан өнгөтэй байдаг.

Энэ хоёр барьцалдуулагчийг лабораторийн нарийн шинжилгээнд оруулснаар орц найрлага нь мэдэгдэнэ. Хятад барьцалдуулагчийг цавуулаг өндөртэй шаварлаг зүйл ашиглаж хийдэг. Үүнийг мидлингтэй холиод гаргаад ирвэл ямар нэгэн утаа гардаггүй. Хурдан асаж, сайн шатаж дуусаад үнс л үлдэж байгаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Гэтэл монголчууд маань үүнийг орлуулахын тулд шар шавар дээр гурил холиод барьцалдуулагч цавуу хийгээд байна. 2021 оноос хойш Тавантолгой түлшний үйлдвэрээс гарч буй сайжруулсан шахмал түлш барьцалдах чадваргүй болж, утаа нь ихэссэн. 

Монгол барьцалдуулагчаар хийсэн сайжруулсан түлш нь дутуу шаталттай болж, хагарч бутраад байдаг. Хүмүүст ойлгуулахдаа Хятадаас ирсэн барьцалдуулагчаар асуудалгүй хийж байгаа гэдэг.

Яг начир дээрээ Хятад барьцалдуулагчийг агуулахдаа хураачхаад монголд хийсэн гурилтай барьцалдуулагчаараа үйлдвэрлээд байна. Үүний ялгааг олж шалгах хэрэгтэй. Гол нь монгол барьцалдуулагчийг шинжилгээнд өгөхдөө Хятадаас ирснээр сольчихдог. Үүнээс болж үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний чанар эрс муудаж байна" гэв.