Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Тэйлор Свифт АНУ-ын топ 10 дууны жагсаалтыг ганцаараа эзэлж, түүхэнд бичигдлээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Поп од Тэйлор Свифт АНУ-ын хит дууны топ 10-ын жагсаалтыг ганцаараа эзэлсэн анхны уран бүтээлч болж, түүхэнд бичигдлээ.

Өмнө нь 2021 оны есдүгээр сард Биллбордын US Singles Top 10 жагсаалтын есөн байрыг дуунуудаараа эзэлсэн Drake энэхүү амжилтыг эзэмшиж байсан юм.

1964 онд Битлз хамтлаг топ 10-ын найман байрыг уран бүтээлүүдээрээ эзэлсэн нь өмнөх дээд амжилт байжээ.

зураг
 

Тэйлор Свифтийн хувьд саяхан “Midnights” шинэ цомгоо гаргасан нь ийм өндөр амжилт гаргахад нөлөөлсөн юм.

Түүний цомог одоогоор 2022 оны хамгийн хурдан борлуулалттай цомог болоод байгаа.

32 настай поп одын энэ цомогт багтсан “Anti-Hero” дуу топ 10-ын нэгдүгээрт жагсаж байна.

Өөр нэг гайхмаар амжилт гэвэл “Midnight” цомогт багтсан бүх 13 дуу АНУ-ын хит дуунуудын эхний 15-д багтаж чадсан явдал юм.

Бусад уран бүтээлчдийн дуунуудаас зөвхөн Сэм Смитийн “Unholy”, Стив Лэсигийн “Bad Habits” дуунууд энэ жагсаалтын 11 ба 12 дугаар байруудад тус тус жагссан байна.

Бас нэг сонирхолтой үзүүлэлт нь Тэйлор Свифтийн энэ амжилт зөвхөн стримингийн тоон дээр үндэслэсэн юм. Үүнд цомгийн борлуулалт, радио цацалт зэрэг үзүүлэлтүүдийг тооцоогүй байна.

“Midnights” цомог одоо АНУ-ын цомгийн борлуулалтыг тэргүүлж, 1.4 сая хувь зарагдаад байгаа юм. Үүний нэг сая гаруй нь CD болон пянз хэлбэрээр байсан нь дижитал стриминг давамгайлсан энэ цаг үед сонсогдоогүй том амжилт болжээ.

 

Эх сурвалж: BBC