Уншиж байна ...

Зеленский засгийн газрын бүрэлдэхүүнээ шинэчилж, Украин улс гадаад хэргийн шинэ сайдтай боллоо

Т.Давааням, ikon.mn
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский дайн эхэлснээс хойших хамгийн том халаа сэлгээг засгийн газартаа хэрэгжүүлж байна.

Өчигдөр тус улсын парламент найман шинэ сайдыг томилсны нэг нь гадаад хэргийн сайд Андрей Сибига байлаа.

Тэрбээр дайны турш дэлхий нийтэд хамгийн сайн танигдсан Украины засгийн газрын сайд болох Дмитро Кулебагийн үйл хэргийг залгамжилж байна.

Сибига өмнө нь Турк улсад элчин сайдаар ажиллаж байсан мэргэжлийн дипломатч юм.

Зеленскийн халаа сэлгээ Оросын эзлэн түрэмгийлэх дайны хамгийн эгзэгтэй цаг үед хэрэгжиж байна.

Тэрбээр шийдвэрээ Украин улсад “шинэ эрч хүч” хэрэгтэй болсонтой холбон тайлбарлаж байгаа.

Шүүмжлэгчид нь түүнийг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Андрей Ермак тэргүүтэй өөртөө үнэнч хүмүүсээр хүчээ сэлбэж байгаа гэж үзэж байна.

Тухайлбал шинэ гадаад хэргийн сайд Сибига өмнө нь Ермакын орлогчоор ажиллаж байжээ.

Энэ сарын сүүлээр Зеленский дайныг дуусгах “ялалтын төлөвлөгөө”-гөө АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд танилцуулахаар бэлдэж байгаа.

Зеленский сүүлийн үед Өрнөдийн илгээсэн алсын тусгалын зэвсгийг Оросын нутаг дэвсгэрийн гүнд ашиглахыг холбоотнуудаараа зөвшөөрүүлэхээр шаргуу зүтгэж байна.

Сүүлийн өдрүүдэд Украины хотууд, дэд бүтцийг чиглэсэн Оросын агаарын цохилт эрчимжиж, дорнод фронт дээр Оросын цэргүүд стратегийн ач холбогдол бүхий Покровск хотын чиглэлд алгуур давшсаар байна.

Харин Украины цэрэг ОХУ-ын Курск мужийн нутаг дэвсгэрт тогтоосон хяналтаа улам бэхжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий.

НАТО-гийн нарийн бичгийн дарга Йенс Столтенбэрг өчигдөр Норвегийн нийслэл Осло хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Украины арми Курск мужийн нутагт амжилттай тулалдаж байгааг баталсан юм.

Харин Владивосток хотод Дорнын Эдийн Засгийн Чуулганд оролцож буй ОХУ-ын ерөнхийлөгч Путин зэвсэгт хүчин нь Украины цэргийг Курскээс аажмаар шахан гаргаж байгааг мэдээлжээ.

“Дайсны зорилго нь биднийг сандаргаж, фронтын бусад хэсгээс, ялангуяа Донбассаас хүчээ шилжүүлэхэд хүргэж, ингэснээрээ давшилтын гол чиглэлүүдийн хүчийг сулруулах байсан. Энэ зорилго биелсэн үү? Үгүй” гэж Путин энэ үеэр ярьсан байна.

Курскийн ажиллагаа нь дайны галыг Оросын нутаг дэвсгэрт хүргэх зорилготой бөгөөд Вашингтонд танилцуулах “ялалтын төлөвлөгөө”-нийх нь нэг хэсэг болохыг Зеленский саяхан тайлбарлаж байв.

 

Эх сурвалж: Reuters