Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Хавар геофизикийн мэргэжлээр ШУТИС-ийг хоёрхон оюутан төгссөн бол энэ хичээлийн жилд 3, 4 дүгээр курст оюутангүй болсон"

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Геологийн салбарын 83 жилийн ойд зориулсан “Геологийн салбарын тулгамдсан асуудал, шийдэл” хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Энэ үеэр "Геологийн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд өнөөгийн тулгамдсан асуудал, шийдвэрлэлт, гаргалгаа" сэдвээр ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч, доктор Д.Энхбаяр илтгэл тавьсан юм. 

Энэ талаар түүнээс тодруулахад "Манай сургууль нийт зургаан мэргэжлээр геологийн салбарын инженер бэлтгэдэг. Мэргэжлийг тодруулбал, 

  • Геологи ашигт малтмалын эрэл хайгуул
  • Геофизик
  • Гидрогеологи
  • Геоэкологи
  • Инженер геологи
  • Геотехник мэргэжлээр боловсон хүчин бэлтгэж байна. 

Эдгээр мэргэжил нь суурь шинжлэх ухаан буюу геологийн салбарын суурь судалгааг хийдэг онцлогтой. Гэтэл сүүлийн 10 гаруй жил энэ төрлийн шинжлэх ухааныг сонирхож, элсэн суралцах оюутны тоо буурсан үзүүлэлттэй байгаа юм. Жишээлбэл, энэ жил 3, 4 дүгээр курст маань геофизик мэргэжлээр элсэлт байхгүй. Өөрөөр хэлбэл, оюутангүй болсон гэсэн үг. Энэ жил ШУТИС-д геофизикийн мэргэжлээр гуравхан оюутан шинээр элссэн. 2022 оны оюутны элсэлтийн мэдээллийг танилцуулбал, 

  • Гидрогеологи мэргэжлээр 8 оюутан
  • Геологийн мэргэжлээр 11 оюутан
  • Ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлээр 6 оюутан тус тус элссэн байгаа юм.

Бакалаврын түвшинд 1-4 дүгээр курст идэвхтэй суралцаж байгаа нийт 60 оюутантай. Геологийн мэргэжлээр суралцах оюутны тоо буурснаар энэ салбарын боловсон хүчний бодлого алдагдахад хүрээд байна. Тиймээс ч оюутнуудыг тэтгэлэгтэй сургах, үүнийг төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай болоод буй. Энэ салбарын шинжлэх ухааныг боловсон хүчинтэй нь уялдуулж хөгжүүлэхэд төрөөс өгөх дэмжлэг зайлшгүй чухал" гэдгийг хэлэв. 

Мөн тэрбээр "Геологийн мэргэжлээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо 1994-2014 он хүртэл өссөн хэмээн хэлж болно. Үүнээс хойш нийгэм маань биднийг суурь судалгаа хийж байгааг ойлгохгүй байна. Геологийн салбарын шинжлэх ухааны мэргэжилтнүүд хүний нүдэнд харагдахгүй зүйлсийг судалдаг. Харин ил болсон нь уул уурхай. Ил болсон уул уурхайг өмнө нь хэн судалж, хэрхэн илрүүлсэн гэдгийг хүмүүс тэр бүр ойлгодоггүй. Улмаар нийгэмд үнэ цэн маань маш тааруу болж буй.

Түүнчлэн геологийн салбарын мэргэжилтнүүдийг зөвхөн газар ухаж, сэндийчдэг хэмээх ташаа ойлголттой, ажлыг нь хийлгэдэггүй. Улс төртэй холбоотой ийм асуудал бий" гэв. 

"Геологийн мэргэжил эзэмшиж төгсөөд 100 хувь ажлын байртай болох боломж бий"

Геологийн салбар шинжлэх ухааны зарим ойлголтыг танилцуулбал,

Геологийн салбарын шинжлэх ухаан нь чулуун мандлыг судалдаг. Чулуун мандал доторх ус, устай холбоотой үйл явц үзэгдлийг гидрогеологийн шинжлэх ухаан судална. Чулуулгийн гарал үүсэл, насыг нь геологи судална. Тэр чулуулаг нь ашигтай эсэх уул уурхай болох үгүйг Ашигт малтмалын эрэл хайгуул хэмээх мэргэжлийн инженерүүд маань судалдаг.
Бидний нүдэнд харагдахгүй байгаа зүйлсийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр илрүүлдэг мэргэжил нь геофизикч мэргэжил. Барилга байгууламжийн доод талын суурь чулуулгийг инженер геологи, геотехникийн мэргэжилтнүүд судалж ажилладаг. Ерөнхийдөө хүний нүдэнд харагдахгүй зүйлсийг бид судалж байна. Гэтэл барилга баригдсаны дараа барилгын инженер мундаг, нөгөө инженер геологийн маань нэр нь гардаггүй гэдгийг тэрбээр хэлэв.

"Геологийн салбарт боловсон хүчний асуудал дутмаг байгааг дээр дурдсан. Төгсөгчдийн тоон мэдээллээс харахад, энэ хавар 32 оюутан сургуулиа төгссөн байна. Тодруулбал, геологи 18, гидрогеологи 12, геофизикээр 2 оюутан тус тус төгссөн. Эдгээр оюутнууд маань сургуулиа төгсөөд 100 хувь ажлын байртай боллоо. Эргээд ажлын байр их бий. 

Оюутнууд маань гуравдугаар курстээ үйлдвэрлэлийн дадлага хийдэг. Олон компаниуд байгаа учраас танай сургуулиас дадлага хийх оюутан байгаа юу гэж асуудаг. Гэтэл байгаа хэдэн оюутнууд маань аль хэдийн компаниудад хуваарилагдчихдаг. Улмаар боловсон хүчний асуудал хөндөгдөж байгаа юм. Геологийн салбарын мэргэжил эзэмшиж төгсөөд 100 хувь ажлын байртай болох боломж бий. Байгууллагууд бараг булаацалдаад авдаг болж байна.

Түүнчлэн геологийн салбарын мэргэжил маань байгалийн шинжлэх ухаантай холбогддог учраас энэ чиглэлээр хувийн болон гаднын байгууллагууд олон төрлийн тэтгэлэг зарладаг" хэмээн доктор Д.Энхбаяр хэллээ.