• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

ӨСВӨР НАСНЫХНЫ СЭТГЭЛ ЗҮЙД ХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

ikon.mn
2022 оны 9 сарын 5
iKon.MN
зураг
 
зураг
 

Манай улс хүүхэд өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудалд анхаарлаа хандуулж, олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа ч тэдэнтэй байнга харилцдаг багш, эцэг эхчүүдийнхээ сэтгэл зүйн асуудалд хэр анхаарч байна вэ? Хүүхдүүд эцэг эх, багш, үе тэнгийнхэнтэй байнга харилцаж, өдөр бүр таатай, таагүй олон мэдрэмжийг тэднээс авдаг. Гэвч 3 багш тутмын 1 нь невроз (сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэрт байдал)-ийн түвшин алдагдсан байдалтай байна гэвэл та итгэх үү? Невроз буюу “сэтгэлийн хөдөлгөөний тэнцвэрт байдал” өндөр тохиолдолд аливаа зүйлд хэт амархан уурлаж бухимдах, хэтрүүлэн ургуулж бодох, байнга ямар нэг зүйлд санаа зовох, нойргүйдэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрдэг ба эдгээр шинж тэмдгийн  илэрцээс хамаарч нервозын түвшинг тодорхойлдог ажээ. Нервозын түвшин өндөр байх тусам сэтгэл зүйн хамгаалах механизм сул болж, нийгмийн болон хувийн амьдралын хэвийн байдал алдагдах, өөрийгөө хянах чадвараа алддаг байна.

Хүүхэдтэй хамааралт хүн бүрийн сэтгэл зүйн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэйг Гүүд Нэйборс Олон улсын байгууллага, Оюутолгой ХХК-тай хамтран 3 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Өсвөр насныхны сэтгэл зүйн эрүүл мэнд” төслийн үр дүнгээс харж болно. Төслийн хүрээнд хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эмгэгийг эрт үед илрүүлэх, урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих олон санаачилга өрнүүлэн Нийслэлийн 13 сургуулийн 3500 орчим хүүхэд, багш, эцэг эхэд хүргээд байна. Нийт оролцогчийн “Сэтгэлийн хөдөлгөөний тогтворт чанар”-ыг асуумжаар тандаж, сэтгэлийн хөдлөлийн тогтворт байдлыг судалж, үр дүнг харьцуулжээ.

зураг
 

Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөөний явц

Судалгаанд оролцсон суралцагчдын неврозын үзүүлэлт 42,5% буюу маш өндөр, 38% хорт зуршилд өртөмтгий, 36% тодорхой шалтгаангүйгээр түгшүүр айдас төрдөг, 50.1% ямар нэг зүйлд байнга сэтгэл зовнидог, 76.9% аливаа зүйлд идэвх сонирхолгүй, 27.3% ямар нэг шалтгаангүй хичээлдээ явмааргүй үе олон гардгаа илэрхийлсэн төдийгүй 10 хүүхэд тутмын 4 сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгцээтэй байв. Харин хүүхдүүд сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авснаар өөрийн ухамсрын түвшин 10 хүүхэд тутмын 8-д нэмэгдсэн, 6 нь мэргэжил сонголтын тестээр оношлуулж, өөрт тохирох мэргэжлээ тодорхойлсон, 7 нь өөрийгөө бодитоор үнэлж, түгшүүрээс ангид тайван болсон гэсэн эерэг өөрчлөлтүүд гарчээ.

зураг
 

Суралцагчдын хувьд сэтгэл хөдлөлөө удирдах, тулгамдсан асуудлаа таньж мэдэх, бодит байдлыг үнэлэх, даван туулах чадвар сул, өөрийн гадаад төрхдөө сэтгэл ханамжгүй, дэлгэцийн хамаарал өндөр, хэт чанга хөгжим сонсох, нойр дутуу байх, хоол, хүнсний зохисгүй хэрэглээ өндөр, тамхи, согтууруулах ундаа хэрэглэх зуршил хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан юм. Эдгээр буруу зуршил хүүхдүүдийн сэтгэл зүйн болон бие махбодын эрүүл мэндэд төдийгүй итгэл үнэмшил, өөрийгөө үнэлэх үнэлэмж, сурлагын амжилт, ирээдүйн зорилго, нийгмийн харилцаа зэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй насанд хүрсний дараа ч урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй.

Багш нарын сэтгэл зүйн тулгамдсан асуудлын 64% түгшүүрлэх, 65% учирч болзошгүй эвгүй үйл явдлын төлөө санаа зовох, 63% сэтгэл хөөрөх эсвэл унаж гутрах, 48% уцаар бухимдал эмгэг эзэлж байна. Нийт багш нарын 92% сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах хүсэлтэй илэрхийлсэн ба сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай багш нарын 57% нь 1-5 жил ажилласан залуу багш нар эзэлж байна.

Багш нарын нийгмийн өөрчлөлтөд сэтгэл хангалуун бус байдал, гэр бүлийн зөрчилдөөн, өрхийн эдийн засгийн асуудал, ажлын байрны ачаалал, стрессийн улмаас сэтгэл хөдлөлөө удирдах, сэтгэл зүйн асуудлаа даван туулах чадвар сул байхад нөлөөлж байгаа нь судалгаанд явцад илэрсэн юм. Мөн бага ангийн болон төгсөх ангийн багш нарын хувьд хичээлийн шинэ жил эхлэх үе буюу есдүгээр сард нервозын түвшин бага байсан бол төгсөлтийн шалгалтын үед бусад багш нараас харьцангуй өндөр гарсан нь төгсөх ангийн багш нар сурагчдынхаа нэгэн адил санаа зовох, түгших, стрессдэх байдал нэмэгдэж байв. Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай багш нарын 57 хувийг залуу багш нар эзэлж байгаа нь цаашид боловсролын салбарын хүний нөөцийн тогтвортой байдалд тодорхой хэмжээгээр нөлөөлөх эрсдэл байгаа нь ажиглагдлаа.

Хичээлийн жилийн турш багш нар сэтгэл зүйн зөвлөгөө, сургалтад хамрагдсанаар 5 багш тутмын 3-ын сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал өсч, 4 багш стрессээ даван дуулах арга эзэмшиж,  сэтгэл хөдлөө удирдах чадвартай болсон төдийгүй 4 багш нь өсвөр насны хүүхдийн нас, сэтгэц, сэтгэл зүйн онцлогийн талаарх мэдлэг нэмэгдэж, эерэг харилцааны арга барилд суралцаж чадсан юм.

Харин эцэг эхчүүдийн 42,7% хүүхдийнхээ хувь хүний онцлог, зан төлөвийг оношлуулах, 46% сэтгэлзүйн боловсрол олгох сургалтад хамрагдах хүсэлтэй байв. Судалгаанд хамрагдсан 10 эцэг эх тутмын 9 ээжүүд байгаа нь хүүхдийн хүмүүжил, нийгмийн амьдралд аавын үүрэг оролцоо сул байгааг харуулсаар байна. Сургуулийн орчинд сэтгэл зүйч ажиллах зайлшгүй шаардлагатай гэж эцэг, эхчүүдийн 84.7% үзэж байна.

Сургалт, зөвлөгөөнд 1000 орчим эцэг эх, асран хамгаалагчид хамрагдаж, өсвөр насны хүүхдийн нас, сэтгэц, сэтгэл зүйн онцлог, өсвөр насны хүүхэдтэй харилцах эерэг аргад суралцан, ганцаарчилсан сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдсан юм.  Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогийн ойлгох тусам тэдэнд зарцуулах цаг, ойлголцох байдал, хүмүүжлийн эерэг арга ашиглах сонирхол нэмэгдсэн нь сургуульд суурилсан сэтгэл зүйн үйлчилгээний хамрах хүрээ, цагийг нэмэгдүүлж, ёс зүйтэй, мэргэшсэн сэтгэл зүйч тогтмол ажиллуулах шаардлагатайг харуулж  байна.

Сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдсан багш, ажилтан, эцэг эх, сурагчдын неврозын түвшин буурч, сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал, сэтгэл хөдлөлөө удирдах арга сайжрахын зэрэгцээ өсвөр насны хүүхдийн нас, сэтгэц, сэтгэл зүйн онцлогийн талаарх мэдлэг нэмэгдэж, эерэг харилцааны арга барилд суралцсан нь үр дүнтэй ажил болсныг илтгэж байна.

Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа нийгэм насанд хүрэгчдээс маш их хичээл зүтгэл, ур чадвар гарган дасан зохицож амьдрахыг шаардаж байна. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд энэ өөрчлөлтөд дасан зохицоход насанд хүрэгчдийн дэмжлэг туслалцаа зайлшгүй хэрэгтэй байна. Хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудлыг анхаарахдаа  тэдний эцэг эхчүүд, хоёрдогч гэр болсон сургуулийн орчныг бүрдүүлэгч багш, ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, сэтгэл зүйн үйлчилгээг бий болгох шаардлага урган гарч байна. Хүн бүр өөрт тулгамдсан сэтгэл зүйн асуудлаа бодитоор үнэлж, зөвөөр даван туулах аргад суралцаж, урьдчилан сэргийлэх нь урт хугацаанд үүсэх эрсдэлээс сэргийлж,  хүн бүрд нийгмийн амьдралд хөл алдахгүй, бусдын ялгаатай байдлыг хүндэтгэн ойлгож, өөрийн асуудлаа даван туулахад томоохон өөрчлөлтийг бий болгоно. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Zochin [202.126.88.126] 2022/9/6
Яг л ийм цогц ажил бидэнд хэрэгтэй.
1 | 0 Хариулах
шийрт [202.126.90.36] 2022/9/6
материаллаг амьдралбыг хэт шүтсэн гар утас компвюьерийн донтолт баян хоосны ялгаа багш нарын хэнэггүй байдал эцэг эхийн үл анзаарал арри тамхи хар тамхи муу мэдээлэл хүүхдийг хүн биш болгосоор удаж бн
2 | 0 Хариулах
Зочин [202.9.46.43] 2022/9/5
Өсвөр насны хүмүүс сэтгэл зүйн маш эмзэг байдаг.
1 | 0 Хариулах