Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1,000 ээжийг цэцэрлэгийн туслах багшийн курст суулгажээ

П.Зоригт, IKON.MN
2022 оны 9 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг зарим цэцэрлэгт очиж, бодит байдалтай танилцлаа.

2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд хүүхэд нэг бүрийг цэцэрлэгт хамруулах томоохон зорилт дэвшүүлсэн билээ. Зорилт биелж байгаа бөгөөд хүндхэн зорилтын гүйцэлдүүлэхэд тулгарсан асуудал, цаашдын гарц шийдлийн талаар ярилцсан юм. Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Нарлаг”, 267 дугаар цэцэрлэг болон 148 дугаар сургуулийнхан ч өөр өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцууллаа.

“ЦЭЦЭРЛЭГТ ОРОХ ХҮҮХДИЙГ СУГАЛААГААР СОНГОДОГ ТОГТОЛЦООНЫ ГАЖУУДЛЫГ ШИЙДЛЭЭ”

Албаныхан зорьж очсон эхний газар нь “Нарлаг” цэцэрлэг байв. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөлөл болгон зорин очсоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ жил 101 дэх хичээлийн жил. Шинэ зууны эхний хичээлийн жил гэж хэлж ч болно. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаагаар сонгодог тогтолцооны гажуудлыг шийдэх алхам хийсэн анхны жил болж байгаагаараа онцлог.

Асуудлыг бүхэлд нь шийдэхийн тулд Засгийн газраас 100 тэрбум, нийслэлийн төсвөөс 100 тэрбум төгрөг санхүүжүүлж дөрвөн сарын хугацаанд холбогдох бүх албаныхан гар нийлж ажиллалаа. Энэхүү чухал шийдэлд хувийн хэвшлийн оролцоо чухал байсныг хэлмээр байна. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг хоёр дахин олгож байгаа тул иргэдэд цэцэрлэгийн төлбөр урьд өмнөхөөс хамаагүй багасаж байгаа. Цаашид цэцэрлэгийн хүртээмж, чанараа дээшлүүлэх учиртайг харууллаа.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаснаас хойш дөрөвхөн сарын дотор шийдвэрлэж чадсан энэхүү жишээ нь манай улсын хувьд улсын төсвийг хуваарилахдаа нэг асуудлыг цогц шийдэх бус тэгшитгэн хуваарилах зарчмыг баримталж ирсэн нь алдаа байсныг баталж байна. Тиймээс цаашид асуудлыг эрэмбэлж, цогц шийдэх нь чухал байгааг харлаа. Бидний дараагийн зорилго бол хот хөдөөгийн сургалтын чанар, стандарт нэгэн адил байх ёстой. Ойролцоох аймаг сумаас хүүхдээ сургах гэж нийслэл хот руу орж ирэх ёсгүй гэсэн үг. Ирэх жилээс бид багш нарын нийгмийн асуудлыг шийднэ. Хөдөө орон нутгийг зорих боломжийг олгож, ипотекийн дэмжлэг үзүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх болно" хэмээн хэллээ. 

"Энэ зун хоёр ээлжээр 1,000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн"

зураг
 

Цэцэрлэгийн зориулалтаар нэгдүгээр давхрын байруудыг түрээслэхийн дээр 85-аас дээш хувийн гүйцэтгэлтэй 17 барилгыг худалдан авч цэцэрлэг болгож буй аж. Мөн “Өргөө” цомцог гэр цэцэрлэгийг байгуулж, байгууллагын цэцэрлэгт 2,600 хүүхдийг авахаар болсныг Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцууллаа. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн элсэлтийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулсан юм. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 115 мянган хүүхэд цэцэрлэгт орохоор болсон байна.

Энэ жилийн хувьд 34,000 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжоор хангаж буй. Тэгвэл хүүхдийн тоо нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ шаардлага өсөж буй цэцэрлэгийн багшийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд энэ жил хүүхдээ асран гэртээ сууж буй 1,000 ээжийг туслах багшийн курст суулгажээ. МУБИС тэргүүтэй сургуулиудын консерциум энэ зун хоёр ээлжээр 1,000 туслах багшийг 45 хоногийн сургалтад хамруулж, бэлтгэсэн.

Сургалтад хамрагдсан багш нар 18 кредитийн 11 төрлийн хичээл судалсан аж. Уг 45 хоногийн сургалтаар үзсэн хичээлүүд дараа дараагийн сургалтын кредитэд тооцогдож, туслах багшаас багш, багшаас эрхлэгч болж дэвшин суралцах боломжтойг БШУ-ны сайд хэллээ. Ийнхүү мянган ээж ажилтай, орлоготой болсон байна. Энэ бол “Халамжаас хөдөлмөрт” хөтөлбөрийн хүрээнд хийж буй бодитой, үр дүнтэй ажлын нэг аж.

Энэ хичээлийн жилээс эхлэн цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах зарчмаар нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг хамран сургах тойргийн цэцэрлэгт бүрэн хамруулахаар ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 267 дугаар цэцэрлэг нь орон сууцны нэг давхрыг түрээслэн, гурван бүлэг ажиллуулж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар