Альпийн нурууны мөнх цас, мөсөн голууд хайлсны улмаас Швейцар, Итали улсууд дундын хилийн шугамаа дахин тогтооход хүрсэн байна.
Хилийн шугамыг шинэчлэх хэсэгт Европын хамгийн өндөр уулсын нэг Маттерхорны бэл орчим болон түүний ойролцоох хэд хэдэн цанын бааз багтжээ.
Швейцар, Итали улсуудын хилийн томоохон хэсгийг уулсын мөнх цас, мөсөн голын ирмэг хөвөөгөөр тогтоодог байсан юм. Гэтэл сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн энэ хил хязгаар арилж эхэлжээ.
Хоёр улсын хамтарсан хил тогтоох хороо боловсруулсан гэрээний саналаа 2023 оны тавдугаар сард танилцуулсныг Швейцарын засгийн газар өнгөрсөн Баасан гарагт баталсан байна. Одоо Италийн тал гэрээг батлах хүлээгдэж байгаа ажээ.
2022 онд Швейцарын талын Альпийн уулсын мөнх цас 6 хувиар агшсан нь түүхэнд байгаагүй өндөр хорогдол болж байв.
2023 онд 4 хувиар агшсан нь түүхэнд хоёрдугаарт орох үзүүлэлт болжээ.
Энэ нь хоёр жил дараалан аагим халуун зун болж, цас бага орсноос болсон байна. Хэрвээ дулаарал энэ хэвээр үргэлжилбэл уулсын мөнх цасны хэмжээ улам хурдтай багасахаар байгаа юм.
Хоёр улсын хилийн шугамыг дахин тогтоохдоо талуудын эдийн засгийн ашиг сонирхолд нийцүүлснийг Швейцарын албаныхан тайлбарлажээ.
Альпийн нурууны мөнх цас хурдтай хайлж байгаагийн улмаас олон жилийн өмнө болсон хэд хэдэн ослын баримт илрээд байгаа.
Тухайлбал өнгөрсөн оны долдугаар сард Маттерхорны ойролцоо цасан дундаас олдсон хүний цогцос нь 1986 онд сураггүй алга болсон Германы уулчных байжээ.
2022 онд Алетчийн мөсөн голын хайлсан хэсгээс 1968 онд осолдсон нисэх онгоцны сэг ил гарч байв.
2014 онд Маттерхорны уулын баазад эд зүйлс хүргэхээр явсан нисдэг тэрэгний нисгэгч цасан дундаас 1979 онд сураггүй болсон Британийн уулчин Жонатан Конвиллийн цогцос ил гарсныг олж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!