Уншиж байна ...

О.Цогтгэрэл: Эрх баригчид орон нутагт тэнэгүүд амьдардаг гэж үзэж бодлогоо тодорхойлж ирснээр аймаг, сумын хөгжил хоцрогдсон

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 10 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ) дахь Ардчилсан Нам (АН)-ны бүлгээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "УИХ-ын хамгийн эхний ээлжит чуулган хуралдаж байна. Энэ чуулганы онцлог нь төсөв, улсын төлөвлөгөө ярьдаг. Үүний дагуу манай намын бүлэг өнөөдөр хуралдлаа.

АН-ын бүлэгт 2025 оны улсын хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг, хөгжлийн сайд танилцуулсан. Энэ хэвлэлийн хурлын дараа бүлэг дахин хуралдахад Сангийн сайд ирэх оны төсвийн талаар мэдээлэл өгнө. 

Өнөөдрийн хэвлэлийн хурлын гол онцлох зүйл нь орон нутгийн эрх мэдлийн талаар ярих хэрэгтэй. Орон нутгийн төсөв гэдэг зүйл жилээс жилд, сараас сард агшсаар ирлээ. Орон нутагт төрийн оролцоотой 26 агентлаг ажиллаж байгаагаас 24-ийг нь Улаанбаатараас томилж байна.

Бүх аймаг сумд татаас авдаг. Бүх татварыг нь дээшээ татдаг. Буцаад Улаанбаатараас хуваарилдаг. Энэ бүхний эцэст орон нутаг, аймаг, сум өөрийгөө засаглах чадваргүй гэж эрх баригчид үзэж, бодлогоо хэрэгжүүлж ирсэн.

Орон нутагт тэнэгүүд амьдардаг, Улаанбаатарт хамаг ухаантай нь амьдардаг, нийслэл хотын цагаан байрнаас улс орныг удирдахаар хөгждөг гэсэн бодлогын гороор эрх мэдлийг дагаад мөнгө санхүү, хотын түгжрэл, тулгамдсан асуудал нь улам нэмэгдэж байна.

Тиймээс манай намын бүлгээс орон нутгийн эрх мэдлийг өргөжүүлэх, бэхжүүлэх зорилгоор, эрх мэдлийг нь шилжүүлэх үзэл санаа бүхий багц хуулийн төслийг энэ намрын чуулганаар өргөн барихаар төлөвлөж буй юм.

Манай намын 42 гишүүнээс 14 нь аймаг, сум, дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэднээс долоо нь саяны сонгуулиар Засаг даргаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Жишээлбэл мал эмнэлгийн газар гэж бий. Манай улсын 21 аймаг бүгд мал аж ахуй суурьтай. Аймаг, орон нутгийн хувьд мал, малчны бодлого мэдээж гол асуудалдаа орно. Гэтэл Мал Эмнэлгийн Ерөнхий Газар (МЭЕГ)-ын даргаар орон нутгаас томилдоггүй" гэж ярилаа.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түүний дараа УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Аймаг, суманд ямар нэг гэмт хэрэг, малын хулгай гарлаа гэхэд өөрсдөө шийдэж чаддаггүй.

Үүнээс харахад зөвхөн Улаанбаатар төвтэй Монгол Улсыг сүүлийн 20 жилд эрчимтэйгээр байгуулжээ. Хэнд халамж хэрэгтэй байна, ямар асуудлыг шийдвэрлэх ёстой вэ гэдгээ хамгийн сайн мэддэг хүмүүс нь сум, аймгийн Засаг дарга нар.

Гэтэл өнөөдөр Засаг дарга нар нь дээрээс хуваарилж ирсэн хэдэн төгрөгийг аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-аар оруулсан нэртэй гарын үсэг зурдаг ажилтай нөхөд болжээ. Тухайн сумын малчин, дарга, аймгийн Засаг дарга нь мэдээгүй байхад айлын өвөлжөөг нь лиценз болгоод өгчихсөн байдаг. 

Ийм байдлаар эрх мэдлийг авсаар байгаад сумын сургуулийн захирал, жижүүрээр хэнийг томилохыг Улаанбаатар хотоос шийддэг болчихсон. Энэ бол хөдөөгийн хөгжлийг чөдөрлөж буй хамгийн том асуудал мөн" гэв.