Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Бразилчууд анхны эзэн хааныхаа зүрхийг нутагтаа залав

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Бразил улсыг Португалын колоничлолоос салган тусгаар тогтнолыг нь зарлаж байсан эзэн хаан Нэгдүгээр Педрогийн зүрх Даваа гарагт хоёр дахь эх орондоо түр хугацаагаар иржээ.

Бразил улсын үүсгэн байгуулагдсаны 200 жилийн ойн хүрээнд ийм арга хэмжээг зохион байгуулсан юм.

Педро хаан нь Бразил, Португалын аль алиных нь түүхэнд хүндтэй байр суурь эзэлдэг. Хааныг нас барахад зүрхийг нь шарилаас салган Португалын Порто хот дахь сүмд залж байжээ.

Харин биеийн үлдсэн хэсгийг Бразилын Сан-Пауло хот дахь тусгаар тогтнолын цогцолборт бунхалсан байдаг.

Порто хотын захиргаа зөвшөөрсний үр дүнд есдүгээр сарын 7-нд тохиох тусгаар тогтнолын 200 жилийн ойд зориулан хааны зүрхийг Бразилд залан авчирсан байна.

Алтан савтай уусмалд хадгалсан зүрхийг Бразил улс гадаадын төр засгийн тэргүүний айлчлалын хэмжээнд ёслол төгөлдөр хүлээн авчээ.

зураг
 

Наполеоны арми Португалыг эзлэх үеэр буюу 1807 онд есөн настай Педро гэр бүлийн хамт өөрийн колони Бразил руу дүрвэж байв.

1821 онд эцэг хаан Жоан VI эх орондоо буцахад Педро Бразилыг захирахаар үлдэж байжээ.

Улмаар бие даасан байдалдаа дассан Педро 1822 оны есдүгээр сарын 7-нд Бразилын тусгаар тогтнолыг зарлаж, өөрөө анхны эзэн хаан нь болж байв.

Гэвч удалгүй Педро хаан Португалын хаан ширээг авахаар бослого гаргасан дүүгээ дарахаар эх орондоо буцан ирж байжээ. Тэрбээр хэмжээлшгүй эрхт хаан болох гэсэн дүүгийнхээ санаархлыг бут цохиж, үндсэн хуульт засаглалыг Португалд хамгаалж үлдээсэн юм.

Энэ тэмцлийнхээ явцад 1834 онд Педро хаан нас барсан ч Бразил, Португал хоёр улсын аль алинд нь үндэсний баатар болон өргөмжлөгджээ.

Педро хааны зүрхэнд Бразилын ерөнхийлөгч Жайр Болсонару өнөөдөр хүндэтгэл үзүүлнэ. Дараа нь тус улсын гадаад хэргийн яамны байранд 17 хоног залж, олон нийтэд үзүүлэх юм байна.

 

Эх сурвалж: AFP