Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Нийслэлийн хэмжээнд энэ сарын 15-ны байдлаар иргэдээс 2,295 дуудлага, мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 8 сарын 18
iKon.MN
зураг
 

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилт, цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэд 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан. 

Уг захирамжаар 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, Зочлох үйлчилгээ, Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах, Авто үйлчилгээ, Ахуйн үйлчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг 8 төрөлд 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. 

Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшлуулсан юм.

-Энэ захирамж нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа юу, эсвэл зөвхөн нийслэлийн хэмжээнд хэрэгжих үү? 

-Дээрх захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамж тул зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.

-Та сая Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшлуулсан гэлээ. Үүнийг тодруулбал?

-Монгол Улсын Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг хэрэгжүүлэхийг гурван жилээр хойшлуулсан нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /үүнд зөвхөн Мэргэжлийн хяналт/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоосон юм.

-Дээрх захирамж хэрэгжиж эхэлснээр цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэхүү захирамжийн хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  1. Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байсан "Хамтарсан-хяналт шалгалт"-ыг зогсоов.
  2. 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, тэдгээртэй холбогдон гарсан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулж уг арга хэмжээг 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдрөөс зогсоосон.
  3. Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгахаас бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийг шалгуулахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна.
  4. Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагаас санал хүсэлт ирж байна уу? 

-Дээрх захирамж хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол бүртгэгдэж байна.

Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхийг гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Мөн нийслэл хотын хэмжээнд энэ оны наймдугаар сарын 15-ны байдлаар иргэд, олон нийтээс 2,295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.   

-Гар дээрээс хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг дэмжих чиглэлээр гаргасан Засаг даргын шийдвэрийн талаар болон цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх талаар авах зорим арга хэмжээний тухай” захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломж олгон, дэмжиж ажиллах талаар захирамж гарсан.

Үүнтэй холбогдуулж тус цагдаагийн газраас харьяа байгууллагуудад дараах чиглэлийг хүргүүлэн, мөрдөж байна. Үүнд:

  1. Нийслэл хотын нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд /тээврийн хэрэгсэлтэйгээс бусад/-ийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангах;
  2. Монгол Улсын “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” тухай хуулийн 30 /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хуулийн этгээдийн нийтлэг үүрэг/, 31 /Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар иргэний эрх, үүрэг/ дүгээр зүйлд заасны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлчилгээ эрхэлж байгаа газарт аюулгүй байдлыг нь хангах талаар хамтарч ажиллах;
  3. Иргэдийн хөдөлгөөн ихтэй үйлчилгээний газар /талбай/, объектыг явган эргүүлийн чиглэлд хамруулж, үүрэг гүйцэтгэх алба хаагчдад дээрх захирамж, ажлын чиглэлийг танилцуулж, мэдээлэл өгөх
  4. Хариуцсан алба хаагчдаас иргэдтэй харьцахдаа “Цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандарт”, холбогдох журмыг зөрчсөн үйлдэл гаргуулахгүй байхад онцгойлон анхаарч ажиллалаа.

 

Эх сурвалж: ЦЕГ