Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ш.Батсүх: Тархи судлалын шинжлэх ухаан сүүлийн үед сэтгэл судлалтай холбогдон эрчимтэй хөгжиж байна

П.Сайнжаргал, IKON.MN
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн харьяа Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран “Салбар дундын тархи судлал-2022” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар өнөөдөр мэдээллээ. 

ШУА-ийн Тархи Сэтгэл судлалын хүрээлэнгийн захирал, анагаах ухааны доктор Ж.Цолмон "Монгол Улсад 2021 оны есдүгээр сарын 29-нд Засгийн газрын 299 дүгээр тогтоолоор Тархи Сэтгэл судлалын хүрээлэн байгуулагдсан. Энэ нь Монголын шинжлэх ухааны салбарт том алхам болсон.

Сүүлийн жилүүдэд тархи судлал нь дэлхийн тэргүүлэх шинжлэх ухаанаар тодроод байгаа. Тархи судлал нь уураг тархины үйл ажиллагааг молекул генийн түвшнээс эхлээд нийгмийн харилцааны түвшин хүртэл судалдаг. Гэхдээ дан ганц тархи судлал хэмээн хөгжүүлэх бус сэтгэл судлалтай хамт хөгжүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.Тиймээс ч эдгээр томоохон шинжлэх ухааныг хамтад нь судлах хариуцлага оногдсон" гэлээ. 

Тархи, Сэтгэл судлалын хүрээлэнгийн дэргэд нийт дөрвөн лаборатори байгуулжээ. Тодруулбал,

  • Нойр шүүрлийн лаборатори
  • Дотоод шүүрлийн лаборатори
  • Биологи молекулын лаборатори
  • Нүүр ам судлалын лабораторитой болсон байна. 

Цаашдаа тэд Монгол хүнд нийцсэн эмчилгээний арга барилыг боловсруулах зорилготой ажиллаж байгаа талаараа онцолсон юм. 

"Стресс, сэтгэл зүйн дарамт зэрэг нь хүний сэтгэлийн хорт хавдар болдог"

зураг
 

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх "Сэтгэл судлал нь өөрөө маш өргөн хүрээтэй ойлголт. Үүнийг байгалийн шинжлэл болон нийгмийн ухаан хоёрын завсар бий болсон хэмээн үздэг. Энэхүү шинжлэх ухаан сүүлийн үед тархи судлалтай холбогдож эрчимтэй хөгжиж байна. Тархи болон сэтгэл судлалыг салгахын аргагүй. Хүн орчныхоо мэдээллийг мэдрэхүй эрхтнүүдээр дамжуулан хүлээн авсныхаа дараа хариу үйлдэл үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэл санааг жолоодогч нь уураг тархи болдог гэсэн үг.

Сэтгэл судлалд стресс, сэтгэл зүйн дарамт зэргийг хүний сэтгэлийн хорт хавдар хэмээн бичсэн байдаг. Сэтгэлийн хорт хавдар нэгэнт бий болсон тохиолдолд бүрэн эдгэрэхэд маш хэцүү. Сэтгэл санаа нь хүний бие эрхтэнд асар их нөлөөтэй. Тиймээс ч уураг тархиа амрааж, нойроо сайн авах нь чухал. Зөв нойрсож хэвшвэл сэтгэл хөдлөлөө зөв залж, жолоодох бололцоотой болно. Ингэхгүй бол сэтгэл, мэдрэл хэвийн ажиллаж чадахгүй" хэмээн хэллээ. 

Мөн үргэлжлүүлэн "Хорт хавдар хүний сэтгэл санаанаас ихээхэн шалтгаалдаг өвчин. Хэт их стресст орвол хамгийн түрүүнд ходоод шархалдаг. Ходоодны хорт хавдар нь ходоодны шархнаас үүдэлтэй. Түүнчлэн байнгын санаа зовнил зүрх судалсны өвчинд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. 

Хүн стресст ороход бөөрний дээд хэсэгт байдаг даавраас адреналин гэх маш хортой бодис ялгарч цус руу цацагддаг. Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл хүний зүрх судсанд хортой. Бие сэтгэл хоёрыг салгах ямар ч бололцоогүй" гэлээ. 
ШУА-ийн Тархи, Сэтгэл судлалын хүрээлэн, Олон Улсын Тархи Судлалын байгууллага (IBRO)-тай хамтран энэ сарын 8-13-ны өдрүүдэд эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах аж. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд Япон, Солонгос, АНУ, БНХАУ, Малайз, Казахстан, Киргиз, ОХУ зэрэг орны нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид оролцож сүүлийн үеийн судалгааны ололт амжилт, технологийн дэвшлийн талаар лекц уншиж, өөрсдийн онол бол практикийн мэдлэгээ манай эрдэмтэд, судлаачидтай хуваалцах юм.