Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Агаарын бохирдлын улмаас хүүхдүүд үе мөч нь хавдаж, алхах чадвараа алддаг, Монголд эмчлэх боломжгүй өвчин тусаж байна"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2022 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдал хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж, улмаар Монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй болоход хүргэж байгаа талаар Б.Түмэн хүүгийн ээж өнөөдөр “Төрдөө гологдсон хүүхдүүд” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хүү Б.Түмэнгийн үе мөч 2019 оноос шалтгаангүйгээр хавдаж 2021 он хүртэл Монголд онош нь тогтоогдоогүй. Энэ хугацаанд дааврын эм, тариаг хэрэглэснээр болж эрүүл мэндийн байдал нь улам хүнд болоод байна. Одоо хүүгийн минь бие үнэхээр хүнд БНСУ-д байгаа.

Хүүгийн минь туссан системийн гаралтай өвчин нь хүүхдийн явах чадварыг алдагдуулдаг бөгөөд цагаан эсийн хавдар биш ч цагаан эс нь үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсноос бие эрхтнүүд нь далий, муруй болдог өвчин юм. Энэ нь агаарын бохирдлоос цэвэр үүдэлтэй байдаг юм байна.

Хүү шиг минь ийм болж байгаа хүүхэд олон бий.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Бид бүтэн сар наадаж, баярлаж дууслаа. Эх нялхсын эмнэлгийн Зүрхний холбогч эдийн тасагт мянга мянган ийм өвчтэй хүүхдүүд шаналж байна. 10 нас хүртлээ эрүүл саруул байсан хүү минь өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй болсон. Өөр хэчнээн хүүхэд хүнсний аюулгүй байдал, агаарын бохирдол, эмийн хэрэглээнээс болж тэргэнцэртэй болох ёстой вэ.

Монгол Улс гэмт хэрэг хийсэн хүмүүсээ 10, 20 жилээр нь хооллож ундалдаг. Гэтэл Монголын ирээдүй болсон хүүхдүүд өнөөдөр тэнд ял эдэлж байгаа ялтнаас ч долоон дор амьдарч байна.

Миний хүү өвдөхдөө ээжийгээ сэрээхгүй гэсэндээ шөнө хөнжлөө амандаа зуугаад уйлж байсан. Түүний амь одоо минут секундээр хэмжигдэж байгаа. Энэ өвчний дээрээс хүчтэй эмийн нөлөөгөөр зүрхний хэм алдагдалтай болсон хүү маань эмнэлгийн төлбөр нь хүрэхгүйгээс болоод эмнэлгээс гарчихсан байгаа. Зарим улстөрч идэж уусаар байхад Монголын хүүхдүүд хилийн цаана үхэхээ хүлээгээд сууж байна.

Би уг нь "Гоонь эрчүүдийн хуушуур" гэх хоолны газар ажиллуулдаг байсан ч тэр газрыг маань орц гарч гаргана гэж нураасан. Би хуушуур хийж, улсад улиралд 2.5 сая төгрөгийн татвар төлдөг байж хүүхдээ эмчлүүлэх, сурах эрхийг нь бүрэн эдлүүлэх ёстой. Гэвч хүүхдүүд рүү чиглэсэн ямар ч үйл ажиллагаа энэ улсад алга.

Агаарын бохирдлоос үүдэлтэй энэ өвчнийг эмчлэх үе мөчний тасаг гэж Монголд байхгүй. Төр баяр, шагнал урамшуулалд мөнгө зарцуулдаг байж хүүхдүүд өвдөж, шаналж байна гэхэд анхаардаггүй, хүүхдэд зориулсан сангаас мөнгө гаргадаггүй. Төрийн өндөрлөгүүд Их тэнгэрт дайллага, цайллага хийх мөнгөөрөө эмнэлэг барьж, эмч нараа чадваржуулаач ээ.

Миний хүүхэд өнөөдөр энэ өвчнөөр өвчилж, тэргэнцэрт суусан ч цаашид мянга мянган хүүхэд ийм өвчнөөр битгий өвдөж, тэргэнцэр дээр суухад битгий хүрээсэй гэсэндээ өнөөдөр олны өмнө гарч ирж, уг асуудалд нийтийг анхаараасай гэж хүсэж байна” хэмээн ярилаа.

"Дүүгийн минь Монголд байхдаа хэрэглэдэг байсан эм нь БНСУ-д 1990, 2002 онд хэрэглээнээс гарчихсан байсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүгийн ах “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Зүрхний холбогч эдийн тасаг гэдэг нь 2019 оноос шинээр нээгдсэн. Энэ тасагт агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас болж ийм өвчтэй болсон хүүхдүүд эмчлүүлдэг. Өөрөөр хэлбэл, энэ өвчнөөс болоод гуравхан жилийн өмнө бүхэл бүтэн эмнэлэг шинээр тасаг нээсэн байна.

Бид жил бүр агаарын бохирдол бууруулахад хэдэн тэрбумыг төсөвлөдөг ч зуны улиралд баяр, наадам гээд мартчихдаг. Жил бүр зүгээр л ярьсаар байхад хүүхдүүд үүнээс болж өвдсөөр байгааг анхаарах ёстой.

Мөн уг өвчин Монголд огт эмчлэгдэх боломжгүй гэж оношлогддог ч БНСУ-д эмчилж чадна гэсэн хариу өгдөг. Энэ нь Монголын эрүүл мэндийн салбар бүх талаараа хоцрогдож явааг харуулж байна.

Тухайлбал, дүүгийн минь Монголд байхдаа энэ өвчинд хэрэглэдэг байсан эм нь их ховор учраас олдоггүй байсан. Гэтэл БНСУ-д очоод эмчилгээ хийлгэхээр очиход тэр эм нь тухайн улсад 1990, 2002 он гэхэд хэрэглэхээ больчихсон эмүүд байсан. Яагаад Монгол бүх зүйлээрээ ингэж хоцрогдоод байдаг юм.

Дүүгийн минь туссан өвчин агаарын бохирдлын улмаас үүсдэг бөгөөд үеүд нь харлаж хавдаад гишгэж болохоо больдог. Улаанбаатарт амьдарч байгаа 0-10 насны хүүхэд бүр өвчилсөн байх магадлалтай. Өнөөдрийн цар тахал үүний хажууд бараг юу ч биш болоод байна. Дээрээс нь энэ өвчин нь Монголд эмчилгээ байдаггүй.

Өнөөдөр Монголд хоол хүнс авахаас илүү иргэд хүүхдүүддээ эм тариа авдаг болчихлоо. Нялх хүүхдүүдээ бодвол Монголоос зугтаачихмаар санагдаж байна. Өвөл болох үед болж өгвөл Улаанбаатараас гарахгүй л бол хүүхэд бүр тэргэнцэр дээр суух эрсдэл байна” гэлээ.

Мөн хүүгийн ээж тухайн олддоггүй гэх эмүүдийг худалдаж авах боломжгүй, хайгаад олохгүй байгаа хүмүүс Б.Түмэн хүүгийн Монголд байхдаа хэрэглэж байсан эмүүдийг 86200101 дугаараар холбогдож үнэгүй авч болно гэдгийг хэлсэн юм.