Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

У.Хүрэлсүх: Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нар генерал цолд тавигддаг өндөр шаардлагыг бүрэн хангасан офицерууд юм

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Онцгой байдлын албаны 18 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 112 дугаар зарлигаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ. Онцгой байдлын алба нь ийнхүү таван бригадын генералтай болж байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Онцгой байдлын алба бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий байгууллагуудын нэг бөгөөд байгаль цаг уурын аюулт үзэгдэл, үйлдвэрлэл технологийн болон ахуйн гамшиг осол, нийтийг хамарсан халдварт өвчин тахлаас иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах эрсдэлтэй бөгөөд хариуцлагатай үүргийг эх орон, ард иргэдийнхээ өмнө хариуцан биелүүлдэг энх цагийн баатруудын алба юм.

Улс эх орныхоо үндэсний аюулгүй байдлыг хангахад оруулсан гавьяа зүтгэлээ үнэлүүлэн, цэргийн дээд офицерын генерал цол хүртэж байгаа Ж.Чүлтэмсүрэн, Л.Болдбаатар нарт баяр хүргэж, амжилт хүсье.

Та бүхэн бол эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс орныхоо төлөө 40 шахам жил хүчин зүтгэсэн, хийж бүтээсэн хөдөлмөр бүтээлтэй, генерал цолд тавигддаг өндөр шаардлагыг бүрэн хангасан офицерууд юм.

Генерал бол нэн хүндтэй цол бөгөөд энэхүү цолыг дагаж үүрэг хариуцлага нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэе. Энэхүү эрхэм хүндтэй цолыг даган ирж байгаа хүндэтгэл хайр, итгэл хариуцлагыг өндөрт өргөж, цолондоо тэнцэхүйц ёс зүй, хичээл зүтгэл, эрч хүчтэй ажиллах төр, ард түмний хариуцлагатай даалгавар та бүхний мөрөн дээр генералын алтан мөрдөстэй хамт ирж байгааг үргэлж санаж ажиллаарай" гэв.