Бямба гарагт Финланд улсын ерөнхийлөгч Саули Ниинисто ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа тус улс НАТО-д гишүүнээр элсэх болсныг мэдэгджээ.
Финланд улс удахгүй гишүүнээр элсэх албан ёсны хүсэлтээ гаргах гэж байгаа юм. Тус улс ОХУ-тай 1,300 орчим километр урт шугамаар хиллэдэг.
Финланд улсын эрх баригчид шийдвэрээ зарласны дараа ОХУ-ын гадаад хэргийн яам сүрдүүлсэн агуулгатай мэдэгдэл гаргаж, цахилгаан эрчим хүчний нийлүүлэлтээ зогсоож байв.
ОХУ-ын зэвсэгт хүчин Украины газар нутагт халдан довтолсон явдал Финландын аюулгүй байдалд заналхийлсэн тул НАТО-д гишүүнээр элсэх болсноо Ниинисто Путинд тайлбарласан байна.
“Яриа шулуун, илэн далангүй, хурцадмал байдалд хүрэлгүй болж өнгөрлөө” гэж Ниинисто сүүлд мэдэгджээ.
“Тусгаар тогтносон улс бүр аюулгүй байдлаа дээд зэргээр хангах ёстой. Одоо ч ийм үйл явдал өрнөж байна. Финланд улсын хувьд НАТО-д элссэнээр аюулгүй байдлаа улам бэхжүүлэх юм. Энэ бол бусад улс орнуудад өрнөж буй үйл явдалтай ижил зүйл” гэж тэр Путинд тайлбарласан байна.
Ниинисто бас Оросын зүгээс Украинд явуулж буй дайны улмаас энгийн иргэд зовж, хэлмэгдэж буйд маш их санаа зовж байгаагаа Путинд илэрхийлжээ.
Харин Путиний хувьд Финланд улсын ерөнхийлөгчид ямар нэг сүрдүүлсэн агуулгатай зүйл хэлээгүй байна.
“Финланд улсад бодитой аюул занал учраагүй байхад төвийг сахих уламжлалт бодлогоо өөрчилж буй нь алдаа юм” гэж Путин Ниинистод хэлснийг Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Ийм өөрчлөлт нь “Орос-Финландын хооронд олон жилийн турш хөгжиж ирсэн сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлнө” гэж үзэж байгаагаа Путин илэрхийлсэн тухай Кремлийн мэдэгдэлд бас өгүүлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!