Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Мерседес Бенцийн туршилтын цахилгаан загвар нэг цэнэглэлтээр 1,000 км зам туулжээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Германы автомашин үйлдвэрлэгч Мерседес Бенц цахилгаан хөдөлгүүрт шинэ концепт загвар Vision EQXX нь нэг бүрэн цэнэглэлтээр 1,000 гаруй километр зам туулсныг өчигдөр зарлажээ.

Энэ нь цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын хувьд маш өндөр үзүүлэлт юм. Өнөөдөр зах зээлд борлуулагдаж байгаа автомашинуудын бүрэн цэнэгээр туулах замын дээд урт үүнээс хоёр дахин бага байдаг.

Vision EQXX загварыг Германаас Швейцар, Италиар дайруулан Францын өмнөд эргийн Марсель хотын ойролцоох Кассис боомт хүртэл аялуулжээ.

Замын турш агаарын температур Цельсийн 3-18 хэм байсан гэнэ. Машин дунджаар 87 км/цаг хурдалжээ.

Эцсийн цэгт хүрэхдээ Vision EQXX загварын батарей 15 хувийн цэнэгтэй буюу дахиад 140 км зам туулах нөөцтэй байсныг Мерседес Бенц мэдээлсэн байна.

Батарейн цэнэг ашиглалт 100 км тутамд 8.7 кВатт/цаг байсан нь цахилгаан автомашинуудын хувьд шинэ дээд үзүүлэлт болжээ.

Тус компани Vision EQXX загварыг энэ оны эхээр анх танилцуулж байсан юм. Туршилтын зорилго нь байгаль цаг уурын янз бүрийн орчин нөхцөлд батарейн зарцуулалт ямар байхыг шалгах байжээ.

Спорт загварын EQXX концепт нь Porsche Taycan, Audi E-tron GT, Tesla Roadster зэрэг тансаг ангиллын цахилгаан хөдөлгүүрт автомашинуудын нэг өрсөлдөгч болох ирээдүйтэй юм.

 

Эх сурвалж: The Verge