Энэ оны зургаадугаар сарын 1-нээс хэрэгжих Генетик нөөцийн тухай хуулийг танилцуулж байна.
Уг хуулийн төслийг УИХ 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.
Манай улс эх орныхоо эрс тэс уур амьсгал, байгалийн олон янз байдалд дасан зохицох чадвартай, өвөрмөц тогтоц бүхий биологийн генетик нөөцийг өөртөө агуулсан арвин баялаг, үнэ цэнэ бүхий генетик нөөцтэй улс орон юм.
Монгол Улс эрт дээр үеэс амьтан, ургамал, бичил биетний генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд цаашид энэ уламжлалт мэдлэг, генетик нөөцөө бүртгэх, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх, ашиглах, үр шимийг харилцан хүртэх эрх зүйн орчноо анх удаа бүрдүүллээ.
Генетик нөөцийн тухай хууль батлагдсанаар Монгол орны байгалийн баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний генетик нөөц, түүнийг бүтээгдэхүүн болгон ашигладаг Монголчуудын эрт дээр үеэс уламжлан ирсэн мэдлэг, арга, ухааныг бүртгэлжүүлж, цаашид суурь судалгаатай, биотехнологийн салбарыг боловсронгуй болгож өргөжүүлэн хөгжүүлж, үйлдвэрлэл бий болгох эрх зүйн орчин бүрдэнэ.
Монгол орны баялаг болсон амьтан, ургамал, бичил биетний эд, эрхтэн, дээж Монгол Улсын хилээр ямар ч хяналтгүйгээр гарч байна. Зөвхөн 2021 онд л гэхэд 1,300 гаруй эмийн ургамлыг хилээр гаргасан гэсэн дүн байна.
Энэ нь гаднын улс орнууд манай ургамлыг судалгааны чиглэлээр ашиглах, цаашлаад бүтээгдэхүүн хөгжүүлэлт болгож ашиглаж байгаа нь Монгол Улс тухайн бүтээгдэхүүн борлуулалтын үр шим хүртэх боломжийг эрх зүйн зохицуулалтгүйн улмаас алдаж байсан явдал юм. Иймд Генетик нөөцийн тухай хуульд генетик нөөцийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх журмыг Монгол Улсын Засгийн газраас баталж, мөрдүүлэхээр тусгасан байна.
Генетик нөөцийн тухай хуульд Монгол орны нутаг дэвсгэрээс гаралтай амьтан, ургамал, бичил биетнээ устаж үгүй болохоос хамгаалах, шаардлагатай тохиолдолд ховор, нэн ховор ургамлыг тарималжуулж хэрэглэх, хамгаалахаар тусгажээ.
Эх сурвалж: УИХ-ын Тамгын газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!