Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/02/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хийн хоолой манай улсын нутаг дэвсгэр дээгүүр транзит явж өнгөрнө. Бид хүлээн зөвшөөрсөн"

Г.Номин, iKon.mn
2022 оны 2 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр шийдэгдсэн асуудлаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

Тэрбээр "Гашуунсухайт-Ганцмод боомт дээр барих ачиж буулгах терминалыг аль талдаа барих асуудлаар энэ сарын 15-ны өдөр БНХАУ-ын талтай уулзалт хийхээр болсон. Бидний зүгээс бэлдсэн байсан терминалын ТЭЗҮ-ээ өнөөдөр эцэслэн хүргүүлж байгаа. 

Терминалаа аль талдаа барихаа шийдчихвэл хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдээд, энэ жилдээ бүтээн байгуулалтын ажлаа шуурхайлна. БНХАУ-ын тал энэ асуудлыг нэлээд баяртай хүлээж авсан. Боомт хоёр талын эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой асуудал юм. 

Мөн "Нэг бүс-Нэг зам" төслийг эрчимжүүлэх асуудал хоёрдугаар сарын 15-ны хурал дээр яригдана. Болж өгвөл төслийг энэ жилдээ эхлүүлэх тохиролцоонд хүрсэн. 

Улаанбаатар хотод баганан тулгуурт тээврийн хэрэгслийн болон алслагдсан дүүргүүдэд тойрог бүхий хурдны замын бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж буйгаа танилцуулсан. Хятадын талаас энэ хоёр төслийг сонирхож, ач холбогдол өгч буйгаа илэрхийлээд байна" гэдгийг хэлэв. 

Үргэлжлүүлэн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хийн хоолойн талаар мэдээлэл өгөөч?

- Хийн хоолой манай улсын нутаг дэвсгэр дээгүүр транзит явж өнгөрнө. Нийлүүлэгч нь ОХУ, хүлээн авагч нь БНХАУ. Бид транзитаар нэвтрүүлнэ гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 

- Боомтууд дахь солбилцлын цэгүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

- Замын-Үүд-Эрээн боомтын хувьд шийдэгдчихсэн. Нарийн цариг ороод ирсэн байгаа. Терминалын ажил хүлээгдэж байна. 

Сүүлийн 14 хоногийн хугацаанд 0 цэгээс ачаа тээврээ явуулж байгаа. Бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээг Хятадын тал сайшаалтай хүлээн авч, бараа гаргалтаа нэмэгдүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Бидний зүгээс халдвар хамгааллын дэглэмээ л сайн баримтлах хэрэгтэй. 

Гашуунсухайт дахь халдвар хамгааллын дэглэмээ сайжруулж экспортоо нэмэгдүүлээч ээ гэдэг хүсэлтийг Хятадын талаас тавьж байгаа.