Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Нэг сэдвээр: "Инфляц" хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүд

ikon.mn
2022 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Инфляц” сэдвээр өрнөсөн Ийгл ТВ-ийн “Нэг сэдвээр” хэлэлцүүлгийн онцлох эшлэлүүдийг хүргэж байна (2022.01.26). 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа: 

  • Аль ч төв банкны хувьд инфляц зайлшгүй анхаарах ёстой зүйл мөн. Гэхдээ энэ цаг үе бидэнд инфляц зөвхөн төв банкны үйл хөдлөлөөс хамаардаггүй гэдгийг маш тодорхой харуулж байна.
  • Импортын хэрэглээ өндөртэй улсын хувьд хөршүүд болон худалдааны түнш орнуудын инфляц тухайн улс руу орж ирдэг юм байна гэдгийг харуулж байна. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт тогтвортой хангалт маш чухал гэдгийг энэ цаг үе бидэнд харуулж байна.
  • Бид инфляцын 6 хувийн зорилтыг хангах, бүр цаашилбал зорилтыг бууруулаад, 4-5 хувь орчимд хүргэхийн тулд дөрвөн бараа бүтээгдэхүүн (мах, хүнсний ногоо, бензин, гэр хорооллын түлээ нүүрс)-ий нийлүүлэлт, хангамжийн асуудал, улирлаас улирлын хооронд бий болдог хэлбэлзлийг бууруулж, нийлүүлэлтийн гинжин хэлхээг төгөлдөржүүлж, сайжруулах ёстой.  Ердөө энэ дөрвөн бараа, бүтээгдэхүүн л инфляцын 40-60 хувийг бий болгодог.
  • Нийлүүлэлтээр өдөөгдөж байгаа инфляцад мөнгөний бодлогоор хариу үйлдэл үзүүлснээр эдийн засгийнхаа сэргэлтийг хойш нь татчих вий гэх болгоомжлол байна. Мэдээж тооцоо, судалгааны үндсэн дээр аль болох эдийн засгийн сэргэлтэд сөрөг нөлөө багатай байхаар бодлогын арга хэмжээг авна.
  • Бүх улс орон инфляцын эсрэг арга хэмжээ авах гэж байна. Энэ нь инфляц 2022 он биш юмаа гэхэд 2023 он гэхэд буурч, тогтворжино гэсэн нийтлэг төсөөллийг бий болгож байна.

Эдийн засагч Г.Батзориг:

  • Өрхийн хэрэглээгээр дэмжигдэж бий болоогүй, нийлүүлэлтийн сүлжээний доголдолтой холбоотойгоор үнэ өсөж байгаа процессыг нийлүүлэлтийн гаралтай инфляц гэх бөгөөд 2020 оноос хойш бий болсон инфляцын дийлэнх нь нийлүүлэлтийн шалтгаантай байсан. 
  • БНХАУ-ын хувьд олон улсын болон дотоодын томоохон арга хэмжээнүүд энэ жил давхцаж байгаа учраас ковидын тархалтыг аль болох бага түвшинд байлгахыг зорьж, маш хүчтэй хөл хорио тогтоож байгаа нь тэдэнтэй гадаад худалдаа хийдэг улс орнуудад хүчтэй нөлөөлж байгаагийн нэг нь Монгол Улс болоод байна.
  • Махны үнийн өртгийн бүтцийг өөрчлөх, логистикийг сайжруулах, гарал үүслийг тодорхой болгох талаар байнга ярьж байсан ч өнөөг хүртэл шийдэл олоогүй. Үүний хор уршиг нь ковидын үед давхар илэрч, инфляцыг өсгөх хүчтэй нөлөө үзүүлж байна.
  • Саяхныг хүртэл нийлүүлэлтийн сүлжээ нь дэлхийн эдийн засгийн хурдасгуур болсон маш чухал систем байлаа. Гэтэл ковид гарч ирээд, нийлүүлэлтийн сүлжээний гинжин хэлхээг тасалчихсан. Ингэхээр нэг бүтээгдэхүүн нэг улсаас хамаарахаа больсон учраас шууд л гацчихаж байгаа юм. Энэ тохиолдолд хэчнээн эрэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлээд, үр дүнгээ өгөхөөргүй болчихсон. 

Монголын ресторан, зоогийн газрын холбооны гүйцэтгэх захирал С.Батмөнх:

  • Улаанбаатар хотод 4000 гаруй ресторан, зочлох үйлчилгээний салбарын аж ахуйн нэгжүүд ажиллаж, 25,000 гаруй хүнийг ажлын байраар хангадаг.
  • Ковидын үеэр бид 100 гаруй хоног бүтэн хаалттай, 150 гаруй хоног хүргэлтээр ажилласан. Үүнээс шалтгаалаад Улаанбаатар хотод байгаа 4000 гаруй аж ахуйн нэгжүүдээс 20 гаруй хувь нь хаагдаж, 10,000 гаруй хүн ажлын байргүй болсон гэсэн судалгаа гарсан. 
  • Тансаг зэрэглэлийн ресторанууд Солонгосоос шинэ загас, БНХАУ-аас нарийн ногоонуудаа авдаг. Гэтэл эдгээр бүтээгдэхүүний тээвэрлэлт гацаж, импортын үнэ өссөнөөр жишээ нь өндөр зэрэглэлийн ресторануудын хоол хамгийн багадаа 20-40 хувиар өссөн.
  • Бараа, бүтээгдэхүүний тасалдал үүссэнээр зочлох үйлчилгээний салбар бүрэн хүчээрээ ажиллаж чадахгүй болсон. Мөн бараа, бүтээгдэхүүний үнэ ямар ч уялдаа холбоогүй буюу 5,000 төгрөг байсан зүйл гэнэт 10,000, 15,000 төгрөг болж огцом нэмэгдэх тохиолдол байсан нь салбарт маш хүндээр нөлөөлсөн. Үүнтэй холбоотойгоор зоогийн газар, ресторануудын цэсийн үнэ зарим тохиолдолд 100 хүртэлх хувиар өссөн, үүнээс өөр арга байгаагүй. 

 

Эх сурвалж: Ийгл ТВ