Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Инфляцын тухай хэлэлцүүлгээс онцлох ЭШЛЭЛҮҮД

ikon.mn
2022 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг

МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн “Ардын үг” хэлэлцүүлгээр ИНФЛЯЦ БА ЭДИЙН ЗАСГИЙН ОЙРЫН ТӨЛӨВ сэдвээр ярилцлаа. Зочдын байр сууринаас онцлох эшлэлийг хүргэж байна.

Хэлэлцүүлгийг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

“АИ92, АИ80 бензиний үнэ 53-54%, түлшний үнэ 37% өссөн”

 

Э.Эрдэнэсан, ҮСХ-ны Нэгдсэн статистикийн газрын дарга:

  • “Инфляц 2021 оны эцэст 13.4% гарсан. Энэхүү өсөлтөд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ. Хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ 24.2% өсөхөд махны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Дараагийн гол нөлөөлсөн зүйл нь бензин шатахууны үнэ. АИ92, АИ80 бензиний үнэ 53-54%, түлшний үнэ 37% өссөн дүн гарчээ”
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт өндөр байгаа үед нөөцөө бүрдүүлэх нь чухал”

“Инфляцыг бууруулах чиглэлд шалтгаантай нь тэмцэх ажил хийж байна”

 

Ж.Ганбаяр, Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Макро эдийн засгийн бодлогын хэлтсийн дарга:

  • “Инфляц 13.4% гэдэг нь муу, 1% байвал сайн гэсэн үг биш. Цаана нь ямар бүтэцтэй байгааг харах ёстой. Манай нөхцөлд хамгийн гол нөлөөлж буй цөөхөн бүтээгдэхүүн байгаа нь мах, шатахуун, хүнсний ногооны үнэ”
  • “Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ жилийн өмнөхөөс 3 дахин өссөн байна. Энэ нь зөвхөн Монголд биш бөгөөд дэлхий даяар өсөж буй”
  • “Хил дээр үүсээд буй доголдол, нийлүүлэлтийн сүлжээний тасалдалтай холбоотой үнийн өсөлт нэлээн ажиглагдаж байна”
  • “Инфляцыг бууруулах чиглэлд шалтгаантай нь тэмцэх ажил хийж байна. Хамгийн түрүүнд махны нөөцийг бүрдүүлэх, нийлүүлэлтийг сайжруулах чиглэлд ажиллаж байна. Махны нөөц бүрдүүлэх чиглэлд ₮100 тэрбумыг хуваарилсан. Энэ хүрээнд 13 мянган тонн мах нөөцлөөд байна”
  • “Шатахууны хувьд үнэ нь буурсан байх үед УУХҮЯ зохион байгуулж, дэлхийн зах зээл дээр гэрээ хийх арга хэмжээ авсан. Үүний хүчинд цар тахлын эхний хүнд үед шатахууны үнийг хямд барьж чадсан. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 3 дахин өсөөд байгаа ч шатахууны компаниудад хямд байхад нь нөөцөө бүрдүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлсэн. Засгийн газрын тогтоолоор шатахууны компаниуд 45 хоногийн нөөцийг өнөөдрийн үнэтэй харьцуулахад хямд үнээр бүрдүүлсэн”

“Импортын сувгуудыг чөлөөтэй ажиллуулах, хүчин чадлыг нэмэх нь чухал”

 

Ж.Дэлгэрсайхан, эдийн засагч:

  • “Инфляцын бүтцийг харвал 15%-иас дээш хувиар өссөн нь хүнсний бараа бүтээгдэхүүн, түлш шатахуун, тээврийн бүлэг. Өрхийн хэрэглээний бүтцээр бага орлоготой өрхүүдэд өндөр хувиар нөлөөлнө. Тиймээс бид инфляцыг хязгаарлах, бууруулах арга замыг хэрэглэх хэрэгтэй”
  • “Иргэдийн амьжиргааг яаж хамгаалах вэ гэдэг асуудал хурцаар тавигдаж байна. Эдийн засгийн асуудал цар тахалтай нийлээд нийгмийн асуудал болж хүндрэх магадлал бий”
  • “Ядуурлын ил байгаа тоо нь 30 орчим хувь боловч өрхийн орлогын бүтцийг харвал нийгмийн халамжаас шалтгаалсан орлого асар өндөр болсон. Эдийн засгийн суурь бүтэц алдагдсан, иргэдийн орлого, амьжиргааны түвшин, чанар эмзэг түвшинд очсон байна”
  • “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн бүтцээ сайжруулж чадаагүй учраас импортоос хараат улс байгаа нь үнэн. Тиймээс импортын сувгуудыг чөлөөтэй ажиллуулах, хүчин чадлыг нэмэх нь чухал”
  • “Харьцангуй үр ашиг багатай мөнгөний сувгуудаа хаах нь зүйтэй байх. Тэлсэн төсөв, тэлсэн хөтөлбөрүүдтэй, энэ олон мөнгөний сувгуудтайгаа хаврын эдийн засгийн сэргэлттэй тулбал инфляцыг барьж чадахгүй”

“Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай мөнгөний бодлогоор тэмцэх боломж байхгүй”

 

Н.Ургамалсувд, Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал:

  • “Мөнгөний бодлогын шийдвэр нь эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөвт үндэслэж гардаг. Хамгийн түрүүнд бид инфляцыг хардаг”
  • “Мах, шатахуун, хатуу түлшний үнэ инфляцын 6 нэгж хувь гаруйг тайлбарласан хэвээр байгаа. Үүн дээр нэмээд 11, 12 дугаар сараас сүү сүүн бүтээгдэхүүн, импортын болон дотоодын хүнсний ногоо 40-50 хувиар өссөн нь нөлөөлсөн”
  • “Мөнгөний бодлогын хороо 10-р сарын статистикт үндэслэж, 11 дүгээр сард боловсруулсан мэдээллээр хуралдаж байх үед дотоод эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байсан. Тийм учраас бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан”
  • “Ойрын хугацаанд цагаан сар болохтой холбоотой дотоод эрэлт 12 дугаар сарынхаас буурахгүй байх гэсэн төсөөлөлтэй байна. Хэрэв дотоод эрэлт өндөр, хилийн хязгаарлалт хэвээрээ байвал 1 дүгээр сард ч инфляц өсөх хандлага ажиглагдах нь тодорхой”
  • “Мөнгөний бодлогын хороо ээлжитээр 3 дугаар сард хуралдах ёстой. Эрэлтийн шалтгаантай инфляц хурдтай нэмэгдэх шинж тэмдэг ажиглагдвал ээлжит бус хурал хийж, бодлогын шийдвэр гаргах нөхцөл байдал үүсэж болно гэж бид харж байна”
  • “Дотоод эрэлт хязгаарлагдмал байгаа энэ үед эрэлтийн шалтгаантай инфляц үүсэх магадлал бага”
  • “Инфляцын дийлэнх хэсэг нь нийлүүлэлтийн шалтгаантай, суурь үеийн нөлөөтэй учраас зөвхөн бодлогын хүүг өсгөх замаар эрэлтийн шалтгаантай инфляцыг бууруулахад хангалтгүй”
  • “Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцтай мөнгөний бодлогоор тэмцэх боломж байхгүй”

“Дэлхий нийтээр ачаа бараа тээвэрлэдэг чингэлгийн хомсдолтой байна”

 

Г.Оргил, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга:

  • “Өнгөрсөн 7 хоногийн тоогоор 4000 гаруй чингэлэг Тяньжиний боомт дээр байна”
  • “Эрээний боомт хаагдсанаар бид нэлээд хүнд байдалд байлаа. Бүх талаасаа ажиллаж байж чингэлгийн тээврийг эхлүүлээд, эхний ээлжид 900 чингэлэг татан авахаар ажиллаж байна”
  • “Дэлхий нийтээр ачаа бараа тээвэрлэдэг чингэлгийн хомсдолтой байна. Энэ нь ачаа барааны үнэ, өртөг өсөх гол шалтгаан болж байна”
  • “Өргөн хэрэглээний бараанд ногддог тээврийн зардал 20-30%-ийг эзэлдэг. Одоо 40-50% болсон байхыг үгүйсгэхгүй”

“ГХЯ-наас БНХАУ-ын талтай бүх түвшинд ярилцаж байгаа”

 

Д.Болд, ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга:

  • “ГХЯ-наас БНХАУ-ын талтай бүх түвшинд ярилцаж байгаа. Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хөдөлгөөн 2021 оны 10-р сарын 13-наас зогссон. Үүнээс хойш дипломат шугамаар болон бусад шугамаар төрийн захиргааны бүх байгууллагууд ажиллаж, нийт 40 гаруй уулзалт хийжээ. Ерөнхий сайдын түвшинд 2 удаа, УИХ-ын даргын түвшинд 2 удаа уулзсан гэх мэт маш идэвхтэй ажиллаж байна”
  • “Иргэдийн дунд улс төрийн үл ойлголцол байна уу гэсэн асуудал ярьж байна. Тийм асуудал байхгүй. Үндсэн шалтгаан нь дэлхий нийтийг хамарсан цар тахал”
  • “Төмөр замын боомтын гацааг гаргахын тулд ажиллаж байна. Яриа хэлэлцээ нааштай явж байгаа. Авто замын боомтын хувьд 1-р сарын 11-нээс ачаа тээврийг чингэлгийн дэглэмээр эхлүүлэх хоёр талын тохиролцоо хэрэгжиж эхэлж байна”
  • “Чингэлэг шилжүүлэн ачих талбайг хоёр талаас өргөтгөх ажил байгаа.
  • "Өдөрт 200 чингэлэг солилцоод байхад манай улсын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн тодорхой түвшинд орж ирж, эрэлтийн шокыг дарах нөхцөл бүрдэх болов уу гэсэн бодолтой байна”