Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/17-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн арга хэмжээ албан ёсоор эхэллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2022 оны 1 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улс болон Япон улс хооронд 1972 онд дипломат харилцаа тогтоож байжээ. Тухайн онд манай улс Токиод Элчин сайдын яамаа байгуулж байсан бол Япон улс дараа жил нь Элчин сайдын яамаа Улаанбаатарт байгуулж байв.

Хагас зууны ойг бүтэн жилийн хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэхээр хоёр талд төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах талаар өнөөдөр Гадаад харилцааны яам, Япон улсын Элчин сайдын яам хамтран мэдээллээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин "Япон улс бол манай улсын чухал гуравдагч хөрш" хэмээн онцлоод "Хоёр улсын харилцаа 1990-ээд оноос эрчимтэй хөгжиж, олон улс бүс нутгийн хэмжээнд амжилттайгаар хамтран ажиллаж байна. Засгийн газраас 2022 оныг Монгол, Японы хүүхэд залуучуудын найрамдал, солилцооны жил болгон, ойг тэмдэглэх хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Бүтэн жилийн турш өргөн хүрээнд тэмдэглэн, хоёр улсын ард түмний найрамдлыг бататгаж, харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг зохион байгуулахаар бид төлөвлөсөн. Тухайлбал, дээд өндөр түвшний харилцан айлчлал, эрдэм шинжилгээний хурал, хүндэтгэлийн хурал, хүүхэд, залуучуудын солилцоог хэрэгжүүлэх, гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, ном, марк хэвлүүлэх, хувийн хэвшлийн харилцаа, хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэхээр бизнес уулзалтууд зэргийг зохион байгуулна.

Өнөөдөр хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ" гэв.

"Би 1985 онд Монголд ажиллаж байсан. Тухайн үеийг одоотой харьцуулбал хоёр улсын харилцаа өдөр, шөнө шиг ялгаатай болсон"

 
Гэрэл зургийг mpa.mn

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши "Энэ оны хоёрдугаар сарын 24-нд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Монголчууд та бүхний хамтаар энэхүү ойг тэмдэглэх гэж байгаадаа туйлын таатай байна.

КОВИД-19 цар тахал үргэлжилсээр байгаа ч бид аль болох олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Япон улсын Элчин сайдын яам дэмжигч байгууллагаар оролцох юм. 50 жилийн ойн баяртай холбоотой мэдээ, мэдээллийг оруулж, нийтэд мэдээлэх зорилгоор энэ оны эхэнд Элчин сайдын яам албан ёсны твиттер хаяг нээсэн. Мөн "Japan festival"-ыг цахимаар зохион байгуулна.

Цар тахлын нөхцөл байдал дээрдвэл наймдугаар сарын 20-21-нд Японоос урлагийнхны урьж, тоглолт хийх юм. Түүнчлэн Японы кино өдрүүдийг зохион байгуулна" гэлээ. 

Үргэлжлүүлэн ноён Х.Кобаяши "Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойш хоёр орны харилцаа үсрэнгүй хөгжсөн. 2016 онд Монгол Улсын хувьд анхных болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулж байв.

Миний бие 1985 онд Монголд ажиллаж байсан бөгөөд тухайн үеийн хоёр улсын харилцааг мэдэх хүний хувьд тухайн үеийг өнөөгийнхтэй харьцуулахад өдөр шөнө шиг ялгаатай болсон гэж хэлж болно.

Өнөөг хүртэл хугацаанд Япон улсаас буцалтгүй тусламж болон иенийн хөнгөлөлттэй зээл зэргээр 336,000,000,000 (тэрбум) гаруй иенийн дэмжлэг үзүүлээд байна" гэлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn