Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

Эргэх зууны ололтууд

ikon.mn
2021 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

XX зуун дэлхий дахинд үзэл суртлын зөрчил, хоёрын хоёр дайныг авч ирсэн ч үүнтэй хамт шинжлэх ухаан, технологи, нийгмийн харилцааны хөгжил, нийтээр дээдлэх ёс суртахууны хэмжээ, мэдлэг мэдээллийн эрин үеийг авч иржээ. Колоничлолын эрин шувтарч, Ази, Африк тивүүдэд тусгаар тогтнолт, бие даасан улсууд нэмэгдсэнээр олон улсын харилцаанд хүчний шилжилт явагдаж, үндэстний соёл иргэншлийн асуудал чухалд тооцогдож, ямар ч улс орны хувьд нийтийн боловсрол гээч зүйл хөгжил дэвшлийн гол түлхүүр боллоо. Энэ зууны гайхамшиг нь хүн төрөлхтөн, дэлхийн олон улс орнууд боловсролыг чухалчилж, нийтээрээ бичиг үсэг тайлагдахыг эрмэлзэн, хаашаа ч харсан сургууль барьж байгуулж байсанд оршино хэмээн Британника нэвтэрхий тольд дурджээ.

Дэлхий нийтийн энэхүү өөрчлөлт хөгжлөөс монголчууд огтхон ч хоцроогүй юм. Монгол оронд 1921 онд ардын хувьсгал өрнөж, нам засаг байгуулагдан, тусгаар тогтнолоо олсноор соёл боловсролын салбарын суурь далайцтай өргөн тавигдаж, нийгэм хурдтай хөгжин хувьсаж, богино хугацаанд нийтээрээ соён гэгээрэх эхлэл болсон нь бахархалтай.

 
1925 онд Улаанбаатар хотод үлгэр жишээ бага сургууль байгуулагдав

Түүхэн баримт бичгээс үзэхэд хувьсгал ялсан даруйд Ардын нам шинэ Засгийн газраа зарлан хуралдуулж, нэн тэргүүнд сургуулийн танхим нээж, бага насны хүүхдүүдийг сургах тухай хэлэлцэн, тогтоол гаргасан байдаг. Энэхүү тогтоол Монгол Улсад боловсролын тогтолцоог үүсгэсэн анхны түүхэн баримт бичигт тооцогдоно.

Уг тогтоолд, “Олон хөвгүүд, охидын сургуулийн танхим байгуулахыг хэлэлцээд энэхүү танхимд хөвгүүд, охидыг нас багад, элдэв зүйлийн бичиг заан сургаж, оюуныг судлуулан олон түмний хэрэгт туслуулахыг хичээх нь үнэхээрийн сайн хэрэг тул эл танхим байгуулан хуралдуулж сургах хэргийг Засгийн газраас эрхэлж, нарийн чанга дүрэм хэмжээ тогтоож, улсын хуралд үзүүлэн тогтоолгохоор хэлэлцэв” хэмээжээ.

Тухайн үеийн засаг захиргаа сургуулийн хэлтэс байгуулж түүнээ Дотоод яаманд нэгтгэн, дараа нь 1924 онд Судар бичгийн хүрээлэнтэй хамтатган тусгай яам болгожээ. Ингэж “Ардыг гэгээрүүлэх яам” байгуулагдан, Монгол Улсад боловсрол, шинжлэх ухааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үүд хаалгаа нээсэн түүхтэй. Түүнээс хойших нэгэн зуунд энэ байгууллага цаг цагийн хөгжлийн буухиаг таслалгүй, үе үеийн эрдмийн галыг бөхөөлгүй өртөөлөн түүчээлж, өнөөдөр түүхэн зуун жилийнхээ ойтой золгож байна. 1920-иод онд Монгол Улсын хүн амын 90 орчим хувь нь бичиг үсэггүй, соёл боловсрол, шинжлэх ухаанаас ихэд хоцрогдсон байсан тул Ардыг гэгээрүүлэх яам боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагуудыг үүсгэн байгуулах, ард түмнийг нийтээр бичиг үсэгтэй болгож, багшлах боловсон хүчний бааз бэлтгэхийг гол зорилгоо болгон ажиллаж байсан тухай түүхэн баримтуудад тэмдэглэжээ. Орон нутагт бага сургуулиуд, Нийслэл Хүрээнд дунд сургуулиуд, багшийн курс нээгдэх зэргээр жил ирэх бүр гэгээрлийн салбарт ахиц гарлаа.

 
Судар бичгийн хүрээлэнгийн анхны байшин
 
Багшийн сургууль. 1925 он

Ардын хувьсгалаас хойш гуравхан жилийн дараа гэхэд багшийн сургуульд нягтлан бодогч, хууль цаазын анги нээн, мал эмнэлгийн сургууль, сувилагчийн курс зэргийг байгуулж, зөвлөлтийн багш мэргэжилтнүүдийг урин ажиллуулж байлаа. Энэ л үеэс манай улсад орчин цагийн боловсролын тогтолцооны үндэс баттай тавигдан, өргөжиж эхлэв. Боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн эдгээр бүх алхмууд нь цаашдын он жилүүдэд нийгмийн бүхий л салбар дахь хөгжил дэвшлийн үндэс, ард түмний оюун санааны хөтөч болсон билээ.

1940 он гэхэд бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоо бий болов. Мэргэжил сургалтын техникумүүд нээгдэж, улмаар 1942 онд Улсын Их Сургууль байгуулагдсанаар манай улс хүүхдийн цэцэрлэгээс их сургууль хүртэлх бүх шатны боловсролын институцтэй болов.
 
Монгол Улсын Их Сургуулийн нээлт
 
Улаанбаатар хотын 1-р сургуулийн байр ашиглалтад оров. 1940 он

1921-1942 оны хооронд ийнхүү Монголд боловсрол бие даасан салбар болон хөгжиж, орчин үеийн шаталсан сургалттай тогтолцооны үндэс тавигдлаа. XX зууны дунд үе гэхэд дэлхий ертөнц үзэл суртлаараа хуваагдаж, хүйтэн дайны уур амьсгал идэвхжиж, мөн аж үйлдвэржилт эрчимжин, томоохон улс орнууд цөмийн болон сансрын технологиороо өрсөлдсөн эгзэгтэй цаг үе тохиож байв. XX зууны сүүлийн арванд дэлхий дахиныг түгшээж байсан хүйтэн дайн дуусгавар болж, олон улсад геополитикийн шилжилт явагдаж, социалист орнуудад ардчилсан хувьсгал өрнөж, монголчууд бид 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжжээ. Эдийн засгийн чөлөөт харилцаанд шилжсэнээр боловсролын төвлөрсөн тогтолцоог халж, шинэ бодлого, эрх зүйн орчныг бий болгох, боловсролын бие даасан байдлыг бэхжүүлэх шаардлагатай тулгарсан байдаг.

 
20-р цэцэрлэгийн багачууд. 1957 он

1991 онд Улсын Бага Хурлаас Боловсролын хуулийг батлан гаргаж, тус салбарт хувийн болон бусад хэвшлийнхнийг оролцуулж, төрийн хамаарлыг багасгаж, бие даасан байдлыг хангах зэрэг зорилт дэвшүүлсэн нь асар том өөрчлөлтийн үүдийг нээв. Энэ нь хувийн сургуулиудыг хөгжүүлэхэд түлхэц болж, өдгөө боловсролын салбарт хувийн хэвшлийн оролцоо маш сайн хангагдаж, ерөнхий боловсролын нийт сургуулийн 15 орчим хувь нь хувийн сургууль байна.

 
Багшийн сургуулийн оюутнууд завсарлагааны цагаар. 1925 он
 
Архангай аймгийн Тайхар сумын Гэрэлт зам нэгдлийн сурагчид. 1959 он
 
Дундговь аймгийн Адаацаг сумын бага сургууль. 1969 он
 
Зүүн хараагийн төв цэцэрлэг. 1964 он

Өнөөдрийн байдлаар Засгийн газраас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа -2050” хөтөлбөр болон НҮБ-ын “Тогтвортой хөгжил 2030” хөтөлбөрүүдтэй уялдуулан “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө”-г батлаад байна. 2021-2030 онд хэрэгжих энэхүү мастер төлөвлөгөөгөөр өнөө цагт хамгийн тулгамдаад буй боловсролын үйлчилгээний чанар, хот хөдөөгийн ялгаатай байдал, хүүхдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй орчин бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зорьж буй.

Шинжлэх ухаан, технологи асар хурдтай хөгжиж буй орчин цагтай эн зэрэгцэх зорилго тавьж, шинжлэх ухаан, технологи, инновацын хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж, дижитал эриний иргэн бэлдэхэд тууштай анхаарч буйг мөн онцлууштай. Баялаг түүхтэй хөгжлийн энэхэн зуунд эх орныхоо боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлж, эрдэмт монгол хүнийг төрүүлэн гаргах эрхэм үйлсэд хүчин зүтгэсэн бүхий л эрдэмтэн мэргэд, багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, албан хаагчид, эрдмийн саруул танхимаас амьдралын их аянд мордсон мянга мянган шавь нар Та бүхэнд баяр, талархал дэвшүүлье. Монгол Улсын ирээдүй гэгээн, гэрэлтэй байна.