Өнөөдөр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, явган шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Сар шинийн өдрүүдэд өмнөх хоногуудтай харьцуулахад агаарын температур сэрүүсэж, цас орж, зөөлөн цасан шуурга, говь тал хээрийн нутгаар зарим үед 14-16 м/с хүрч шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм.
Гуравдугаар сарын 1-нд 08:00-20:00 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -9…-14 градус, Эг, Үүр, Сэлэнгэ, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -6…-11 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, цас багатай газраар +3...-2 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -4...-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. -3…-5 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -5...-7 градус хүйтэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!