“СИТИ” Их сургууль “НЭПКО” ХХК нийгмийг соён гэгээрүүлэх зорилтын хүрээнд эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт “НЭПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр, “СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурж, баталгаажуулснаар хамтын ажиллагаа ийнхүү эхлэв.
Талууд хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд “СИТИ” Их сургуулийн Барилга, архитектур, дизайны сургуулийн хэвлэлийн дизайн, график дизайны хөтөлбөрт суралцагчдыг дадлага хийлгэх ажлыг зохион байгуулах, уг мэргэжлээр суралцан төгсөгчдийг ажлын байраар хангах, гадаадын ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудтай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм.
Хамтын ажиллагааны санамж бичиг гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд санамж бичигт гарын үсэг зурах үеэр талууд байр сууриа илэрхийлэв.
“СИТИ” Их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ: Манай үндэсний хэвлэлийн голлох компани, дэлхийн шилдэг номуудыг олон улсын жишиг стандартын дагуу хэвлэж, танин мэдэхүйн ертөнцөөр оюутан, залуусыг аялуулан, соён гэгээрүүлж буй “НЭПКО” компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Хамтын ажиллагааны хүрээ маш тодорхой бөгөөд бид “НЭПКО” компани, брэндтэй хамтарч “СИТИ” Их сургуулийнхаа оюутнууд руу чиглэсэн олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мөн түүнчлэн бэлтгэж буй мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн хүрээнд хамтран дэлхийн шилдэг номуудыг эх хэлээрээ эрхлэн гаргах боломжийн талаар ярилцаж байна.
“НЭПКО” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батбаяр: 20 гаруй жилийн түүхтэй “СИТИ” Их сургуультай 15 жилийн түүхтэй “НЭПКО” ХХК хамтран ажиллахаар болж байна. Хувийн хэвшлийн их, дээд сургуулиуд дундаа олон чиглэлээр чанартай боловсон хүчин бэлтгэж байгаа нь хамтарч ажиллах хөшүүрэг боллоо. Манай компанид тус сургуулийн оюутнууд дадлага хийх, цаашлаад ажилд орох боломж бүрдэнэ. Их сургууль өөрөө энэ чиглэлээр оюутан бэлтгэж байгаа нь давуу тал. Ном бэлтгэнэ гэдэг өөрөө урлаг юм. Энэ салбарт ажиллах боловсон хүчин дутмаг байдаг. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд бид хүний нөөцөө бүрдүүлэх зэрэг олон давуу талууд байна хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.