Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн ажлын албанаас 2020-2024 онд гэр хорооллын 10 мянган өрхийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд одоогийн байдлаар 12 хорооны 220 өрхийг үнэ төлбөргүй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгосон байна. 2021 онд төслийн хүрээнд гэр хорооллын 25 хорооны 350 өрхийг үнэ төлбөргүй эко ариун цэврийн байгууламжтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Уг төслийг бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтойг тус дүүргээс мэдээллээ.
Гэр хорооллын нэг өрх уламжлалт нүхэн жорлонг 15-аас дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдлүүдийн нэг нь гэр хорооллын айл өрхийг соруулдаг, эко ариун цэврийн байгууламжтай болгох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!