Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/13-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн сурагчид үдийн хоолоор хоногийн илчлэгийнхээ 35 хувийг авна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 8 сарын 13
iKon.MN
 
Эх сурвалж: БШУЯ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүн 14 дүгээр сургуульд ажиллаж, энэ хичээлийн жилээс хэрэгжих “Үдийн хоол” хөтөлбөрийн бэлтгэл ажилтай танилцлаа. 

Судалгаагаар өглөөний цай тогтмол уудаг сурагч 16.8 хувийг эзэлж байгаа бол үлдсэн хувь нь өглөөний цай байдаггүй, хааяа уудаг, огт уудаггүй гэжээ. Жишээлбэл, нэг сургуулийн 1,000 гаруй хүүхдийн 700-800 нь үдийн цайг тогтмол ууж чаддаггүй гэсэн үг. 

Үдийн цайны зардлыг 2006-2019 онд үе шаттайгаар нэмэгдүүлж 900 төгрөгт хүргэсэн. Харин энэ онд 1,500 төгрөг болгон нэмэгдүүлж, бага ангийн сурагч үдийн хоолноос хоногт авбал зохих илчлэгийн 35 хувь буюу 610 ккал авах боломж бүрдэж байна. 

Өмнө нь хэрэгжиж байсан Үдийн цай хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхдэд ногдох 900 төгрөгийн 400 нь цайны газрын түрээслэгчдэд, үлдсэн 500 төгрөг нь хүүхдийн цайнд зарцуулагддаг байв. Харин хуульд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтын байр, талбай, тоног төхөөрөмжийг түрээслүүлэхийг хориглосон. Ингэснээр үдийн хоолонд зарцуулагдах 1,500 төгрөг бүгд хүүхдэд зориулагдана.

Энэ хичээлийн жилд 1-5 дугаар ангийн 381 мянган хүүхэд үдийн хоол хөтөлбөрт хамрагдана. Үдийн хоолны ач холбогдлыг дурдвал: 

  • Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, танин мэдэхүй суралцах чадвар ирээдүйн бүтээмж хөдөлмөрийн чадварт гол нөлөө үзүүлдэг. 
  • Үдийн хоолны хөтөлбөрт 1 ам.доллар зарцуулахад эргээд 9 ам.доллартай тэнцэх хэмжээний өгөөж өгдөг. 
  • Өрхийн хүнсний баталгаат байдлыг хангахад бодит дэмжлэг үзүүлнэ. 
  • Хичээлийн дараа сонгон суралцах бусад үйл ажиллагаанд оролцох боломж олгоно. 
  •  Сургуулийн хоол нь хамгийн эмзэг бүлгийнхэнд хүрэх арга зам юм.

 

Эх сурвалж: БШУЯ