Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах “Номиогийн адал явдал” комик ном гарлаа

A.Жаргал
2021 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Тэргэнцэртэй охины адал явдлаар дамжуулан хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг ойлгуулах “Номиогийн адал явдал” комик ном гарлаа. Уг ном цахим байдлаар бяцхан уншигчдад хүрсэн бөгөөд цаашид Ази, Номхон далайн орнуудын хүүхдийн номын сангийн веб сайтад англи, монгол хэлээр тавигдах аж. Үүгээр ч зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн  эрхийг хамгаалах зорилтот төрийн бус байгууллагууд, хотын алсмагдлмал цэцэрлэг, асрамжийн газруудад тодорхой тоогоор тараагдах юм.

Мөн хараахан уншиж сураагүй бага насныхан болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж аудио хэлбэрээр гарна.

 

Номын зохиолч “Бид чадна” ТББ-ын тэргүүн Б.Отгонтуяа “Би 20 гаруй жилийн өмнө авто осолд орж тэргэнцэртэй болсон. Тухайн үед гэрээс гаралгүй урт хугацааг өнгөрүүлэхдээ бэрхшээлтэй байх, бэрхшээлгүй байх нь ямар их ялгаатай гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тиймээс хүүхдэд багаас нь хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын адил эрхтэй, бусдын л адил хүн гэдгийг ойлгуулахыг хүсэж “Тэргэнцэртэй сахиусан тэнгэр” гэдэг төслийг бичсэн юм” гэжээ.

Б.Отгонтуяа номын төслийг олон жилийн өмнө бичсэн аж. Харин саяхан Азийн сангаас санхүүжүүлт авснаар ийнхүү өөрийн мөрөөдлийг бодит ажил болгосон байна. "Тэргэнцэртэй сахиусан тэнгэр" төслийн хүрээнд нийт гурван ном гарах бөгөөд гол дүрийн баатрууд нь бүгд тэргэнцэртэй хүмүүс гэдгээрээ онцлог аж.

Хөгжлийн бэрхшээлийг бэрхшээлтэй хүн өөрөө бий болгодоггүй. Харин хотын буруу төлөвлөлт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг багаас нь ялгаж тусгай сургуульд сургах, энгийн сургуульд авахгүй байх гэх мэт нийгмийн ялгаварлал бий болгодог. Тиймээс хүүхэд бүр тэгш эрхтэй гэдгийг Номиогийн адал явдлаар дамжуулан бяцхан уншигчдад ойлгуулахыг зорьж, уг номоо бичсэн ажээ.