Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгохын төлөө “Соёлоор гоёно” шинэ брэнд мэндэллээ

ikon.mn
2021 оны 7 сарын 12
Сурталчилгаа
Зураг зураг

Нийгмийн эерэг өөрчлөлтийг бий болгох “Соёлоор гоёно” төсөлд салбар салбарынхан нэгдэн орж, өөрсдийн хүчээ нэгтгэсээр байна. Тэдний чин хүсэл нь хамтын манлайллаар нийгэмдээ хувь нэмрээ оруулах. Хамгийн энгийн бөгөөд даруу тодотгол энэ болов уу. Төсөл санаачлагч АПУ компанийн зүгээс “Урлагаар соёлыг түгээх нь” сэдвээр ээлжит хэлэлцүүлгээ өчигдөр зохион байгууллаа. Clubhouse дотор халуун дулаан уур амьсгал бүрдүүлсэн, шинэ мэдрэмж, өргөн агуулга, нээлттэй эрх чөлөөг тунхагласан, уран сэтгэмж хосолсон цахим хэлэлцүүлгийг бид тоймлон хүргэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт Архитектор Батжав, IWFCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгч Байгаль, Dance chance ТББ-ын үүсгэн байгуулагч Халиун, Michel & Amazonka брэндийн хамтран үүсгэн байгуулагч Amazonka, Фотографикч Төмөрбаатар, Toirogdii thrift shop-ийн үүсгэн байгуулагч Агнууш, АПУ компанийн Борлуулалт, байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Баярмагнай, тус компанийн Байгууллагын харилцааны менежер Одгэрэл нар оролцлоо.

 

Нийгмийн хариуцлага бүхий л салбарт урьд өмнө байгаагүй шинэ жишиг тогтоож, урьдын ойлголтыг орвонгоор нь өөрчилж буй. Хувь хүн болон компанийн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага нийлж, нягтарч эх дэлхийгээ хайрлан хамгаалах, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх, нийгэмд шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хэчнээн чухал болохыг энэхүү хэлэлцүүлэг дахин бататгаж өгсөн нь онцлог байлаа.

“Урлаг, соёл хоёр бол хүн төрөлхтөн хоорондоо ойлголцоход хамгийн хэрэгтэй, чухал зүйл юм. Эдгээр зүйл бидэнд танихгүй, мэдэхгүйгээ сонирхох сэдэл төрүүлнэ, дараа нь шинэ бүхнийг хүлээн авах чадварт сургана, тэгээд зогсохгүй сурсан бүхнээ эрдэм болгож ашиглах замд хөтөлнө” хэмээн нэгэн эрхэм өгүүлжээ. Тэр бол Урлагийн бүтээлийн худалдаа эрхлэгч Дэвид Звирнер.

Тэрбээр “Урлаг амьдралын амин сүнс. Чухамдаа хүний оюун санааны мухрын мухар дахь харанхуйг гэрэлтүүлж, бүр гэгээрүүлэх ч шидтэй. Түүний эцсийн зорилго хүн биднийг одоо буйгаасаа илүү дээр нэгэн болгож хувиргах хүсэл эрмэлзэл мэт...” хэмээн урлаг соёлын талаарх бичвэрээ дэлгэрүүлжээ. Урлаг өөрөө маш том татах хүч төдийгүй итгэл найдвар юм байна. Урлаг, соёл хэчнээн чухал болохыг ойлгож мэдрэхэд урлаггүй байж үзсэн мөчүүд бүр ч ихээр бидэнд нөлөөлж буй.

 

 Загварын салбарт манлайлагчдын нэг нь Michel & Amazonka.  Эгч дүүсийн бий болгосон, бүтээсэн, оюутны ширээнээс эхлүүлсэн бизнес хувцас загварын салбарт шинэ өнгө төрх болж, тод илэрхийлэл, зоримог шийдэл авчирсан. Анхны коллекцоо оюутан байхдаа гаргаж байсан нь Michel & Amazonka “Соёлоор гоёно” төсөлд нэгдэн орж, шинэ брэндээ залуусын хүртээл болгохоор ажиллаж байна. Үүний эхлэл болж  Баярлалаа, Соёлоор гоёно гэсэн хоёр төрлийн бүтээгдэхүүн буюу подвалк мэндлээд тун удаагүй байгаа юм байна.

Брэндийн орлогоос эерэг өөрчлөлт, эерэг соёл бий болгох төсөлд зориулахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, таны худалдан авалт нийгмийн эерэг өөрчлөлт, эерэг соёлын үр үндэст шим тэжээл, ус, агаар болох нь.

Хувцас загвар, дуу хөгжим, уран зураг, бүжиг гээд энэ бүхэн урлаг дор ижилсэж, утга учир нь зохицдог. Урлаг нийгмийн оюун санааг хөтлөх, өөрчлөх, шинэ соёл хэвшүүлэх, сэргээн сануулах хамгийн хүчтэй хэрэгсэл. Үүний нэг хэсэг болох хувцас загвар учраас том мессэж өгч, нийгэмд “шүгэл” үлээж байдаг. “Соёлоор гоёно” брэнд нь нийгэмд талархал, хүндлэл, уучлал, урам зориг, итгэл авчрах мессэжийг давхар хүргэхээр зорьж байгаа аж.

Бүхнийг тэгээс эхлүүлж, өдөр өдрөөр урагшилж, өнөөдрийн түвшинд хүрсэн Michel & Amazonka Монгол Улсаа төлөөлөн ТОКИО2020 зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын хувцсыг урласан гэдгээр нь хүмүүс сүүлийн үед илүү мэдэх болсон. Тэгвэл “Соёлоор гоёно” төсөлд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд нэгдэж, өөрсдийн цогц брэндээр дамжуулан нийгэмд эерэг соёлыг бүтээхэд тус компани гар бие оролцож явна. Та бид ч үүнд нэгдэн орох боломжтой. Боломж нь нээлттэй.

“Урлагаар соёлыг түгээх нь” хэлэлцүүлэгт оролцсон Архитектор Батжав “Бид хүмүүст урлаг гэж ийм байдаг гэж зааж ярихаас илүү сэдэл өгөх ёстой. Залууст нийгэм болоод дэлхий дахинд тулгараад байгаа шийдэх ёстой асуудлыг шууд ярихад өөрөөс нь хол ч юм шиг, эсвэл хэтэрхий их том асуудал ч юм шиг ойлголт өгөөд байдаг юм байна. Тийм учраас сонсох дуртай дуу, хөгжим, өмсөх дуртай хувцсаар нь дамжуулаад хүргэх, сэдэл өгөх нь илүү үр дүнтэй” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бидний ажиллаж амьдарч буй нийслэл маань хэдий залуусын хот гэх боловч өнгө гундуу, ногоон байгууламж муутай, бүрсгэр саарал, хүнд “уур амьсгал”-тай. Тэгвэл хүйтэн, хөндий орчныг өөрчлөх замаар эерэг соёлыг түгээх боломжтой гэж нь Amazonka хэлсэн юм.

Тэрбээр “Аль нэг гудамж, эсвэл 40,50 мянгатын байрнаас нэгийг нь сонгон аваад тэнд шинэ орчин үүсгэх, цонх болгон дээр нь цэцэг тарих, өнгө алагласан үйлчилгээний олон байгууллагууд ч энэ байдалдаа анхаарч чадвал хотын өнгө өрх тэр хэрээр сайжирна” хэмээсэнтэй олон хүн санал нэгдэж байлаа. Хэлэлцүүлэгт оролцсон Төмөрбаатар “Хүн алхам тутам соёлоо өөрсдөө бүтээж байдаг. Үүнийгээ илэрхийлэх, баримтжуулах, очоод харах мэдрэх орчныг нь бүрдүүлэх чухал. Урлаг соёлд зориулсан гудамж яагаад байж болохгүй гэж. Тэнд хүмүүс зургаа зураад, зарим нь хөгжмөө тоглоод эсвэл бүжгээ хийгээд, сураад байх орчныг бий болгох нь өөрөө соёлын нэг хэсэг” хэмээн өгүүлсэн юм.

 

Архитектор Батжав “Соёл гэж яриад байдаг. Тэр орчингүй бол хийсвэр яриа болоод өнгөрдөг. Соёлыг хэвшүүлдэг нөлөөтэй зүйл нь орчин. Тэгэхээр бидний амьдарч байгаа орчин, хот маань соёлын орчин болж чадахуйц, цэвэрхэн, тохижилттой, хүмүүс санаа бодлоо илэрхийлэх нээлттэй, боломжтой байх ёстой. Зуны дэлгэр цагт жишээ нь хувцас загвар гудамжинд байх, тэндээ урлаг, соёлоороо амьсгалах, урам зориг өгөх орчныг нь залууст бүрдүүлж чадвал бид залуусаа илүү ойлгоно, танина” гэв.

Michel & Amazonka компанийн хувьд гэхэд нийгэмд эерэг өөрчлөлт, эерэг соёл түгээх үүднээс “Баярлалаа”, “Соёлыг түгээнэ” гэсэн бүтээгдэхүүн гаргасныг өмнө дурдсан. Хувцас загвар  нь залууст маш их нөлөөтэй урлагийн салбар болон хурдтай хөгжиж буй. Дээрх хоёр бүтээгдэхүүний нийгэмд өгөх сэдэл, цаад агуулга нь залуучуудыг тодорхой үйл хэрэг, нэг зорилгод уриалж байгаа гэдгээрээ жишээ нь ялгарч байна. Ийм маягаар эерэг соёлыг түгээхэд бусдыг татан оролцуулах, санаачилгыг дэмжих боломж өнөөдөр байсаар.

IWFCI Mongolia байгууллагын Ерөнхийлөгч Байгаль “Соёл урлагийн салбар цаасан дээр буусан бодлогыг хамгийн бүтээлчээр хүмүүст хүргэдэг. Уран бүтээл, бүтээж байгаа хүмүүсийн манлайлалаар дамжуулж хүмүүст эерэг соёлыг хүргэж боломжтой” хэмээсэн бол Архитектор Батжав “Хувцаслалт гэдэг явж явж өөрийгөө илэрхийлэх, тэр тусмаа залуу хүний хувьд эрх чөлөөгөө илэрхийлэх хамгийн хялбар бөгөөд  хамгийн ихээр хязгааргүй илэрхийлж болох нэг л боломж” гэв.

Соёлыг хамт ухамсар тогтох, нийгмийн хариуцлага тогтох, тухайн худалдан авалтаараа нийгмийн хөгжилд хэрхэн оролцох нь хүртэл өөрөө жижиг асуудал биш болж хувирсан байна. Байгаль орчин, нийгмийн эрх тэгш байдал, эерэг хандлага энэ болгоныг соёлоор дамжуулан илэрхийлэх боломж улам бүрдсээр. Байгаль орчинд ээлтэй, хүний эрхийг дээдэлсэн, бусдыгаа хүндэтгэсэн хариуцлагатай хэрэглээ, дадал хэвшил цар хүрээгээ тэлсээр байгааг энэ удаагийн хэлэлцүүлэг илэрхийллээ.