Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаал гарч олон улс, улсын чанартай авто зам ашигласны хураамж авах төлбөр авах цэг /ТАЦ/-ийн үйл ажиллагааг цахимжуулах ажлыг эхлүүлжээ.
Төлбөр авах 28 цэгийн үйл ажиллагааг хоёр үе шаттайгаар цахимжуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Улаанбаатар орчмын Налайх-Тэрэлж, Эмээлт, Хоолт гэсэн ТАЦ-ийг цахимжуулаад байгаа бол үлдсэн 25 ТАЦ-ийг энэ онд багтаан цахимжуулах юм байна.
Өнөөдөр Налайх-Тэрэлжийн авто замын төлбөр хураах цэгийн цахим нээлтийн арга хэмжээ боллоо.
Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар,
Цахимжуулалтын ажлын эхний үе шатыг “Оргил Дельта Трейд" ХХК 325 сая төгрөгөөр гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын хүрээнд LPR камер болон RFID уншигч, NFC болон QR функцийг ашигласан пос уншигч, Тээврийн хэрэгслийн дугаар, жин, төлбөрийн хэмжээг жолоочид харуулах зориулалт бүхий LED самбарыг гарц бүрд суурилуулах, программ хангамжийг хөгжүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.
Одоо ашиглагдаж буй аппликешнуудаас И-баримт аппликейшн нь зөвхөн нэхэмжлэх үүсгэж, хэрэглэгч өөрийн дурын данснаас төлбөрийг хийх бол Сошиал пей болон Монпей аппликешнд тээврийн хэрэгсэлээ бүртгүүлсэн иргэдийн төлбөрийг тухайн мөчид цахимаар төлөгддөг байхаар зохицуулагдсан байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Төлбөр авах цэгийн үйл ажиллагааг цахимжуулснаар орон нутгуудад зорчиж байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналт цахим хэлбэрт орно. Улмаар зөрчилтэй тээврийн хэрэгсэлд цаг алдалгүй арга хэмжээ авснаар замын хөдөлгөөний аюулгүй байдал, авто замын ашиглалтын нөхцөл байдал сайжирна.
Авто зам ашигласны төлбөрийг олон хувилбараар, цахимаар авах нь төлбөр авах цэгүүд дээр түгжрэл үүсэхгүй, зам хэрэглэгчдэд түргэн шуурхай, соёлтой үйлчлэх нөхцөл бүрдэх юм. Төлбөр авах цэг дээр явуулж буй үйл ажиллагааны урсгал зардлыг хэмнэж, ажилчдын эрүүл, аюул осолгүй ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл хангагдана. Улсын авто замын санд төвлөрөх авто зам ашигласны орлого бүрдүүлэлт ил тод, шилэн болж, орлогын хэмжээ тодорхой хувиар нэмэгдэх зэргээр зам, тээврийн салбарын хөгжилд ахиц дэвшил авч ирэх томоохон ач холбогдолтой” гэдгийг онцлоод зам хэрэглэгч, жолооч тээвэрчид маань шинээр нэвтэрч байгаа энэ үйл ажиллагааг дэмжиж, цахимаар төлбөр төлөх олон төрлийн хувилбарыг сонгон хэрэглэж, замын хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.
“Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал Б.Наранбат “Улсын хэмжээнд 28 төлбөр хураах цэг байна. Өнгөрсөн жил эдгээр цэгүүд нийтдээ найман тэрбум төгрөг төвлөрүүлсэн байгаа. Өнөөдрийн байдлаар 2.5 тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Налайх-Тэрэлжийн энэ төлбөр хураах цэгт жилдээ 600 орчим сая төгрөг төвлөрдөг” гэлээ.
Ийнхүү тээврийн ухаалаг системд суурилсан авто замын төлбөр хураах, хяналтын механизмыг бүрдүүлэх цахим хөтөлбөрийн ажил хэрэгжиж эхэлжээ.
Уг арга хэмжээний нээлтэд Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Захирал Р.Буд, ЗТХЯ-ны мэдээллийн технологи, стандартын хэлтсийн дарга Х.Тулга, “Гааль, татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв” УҮГ-ын захирал Т.Батбилэг, Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, “Мобиком корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар оролцсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!