Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/05/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тайванийг дэлхийн эрүүл мэнд, цар тахлаас сэргийлэх сүлжээнд хамруулах шаардлагатай

ikon.mn
2021 оны 5 сарын 24
iKon.MN

2019 оны сүүлчээр ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш олон улсын агаарын тээвэр болон улс дамнасан бизнес аялал жуулчлал зэрэг замаар халдвар тархаж, дэлхий даяар хүн ардын ​​эрүүл мэнд, худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаанд ноцтой сөрөг нөлөө үзүүлж байна. Тайвань нь 8 сар гаруй хугацаанд дотоодын халдварын батлагдсан тохиолдлын тоог “0” хэвээр хадгалсан гайхалтай амжилт тогтоосон хэдий ч 4-р сарын сүүлчээс хойш онгоцны нисгэгч шинэ төрлийн коронавирусийн мутацлагдсан хувилбарын вирусын халдвар авч, үүний улмаас халдварын тархалт маш богино хугацаанд газар авсан. 5-р сарын 17-ны өдрийн байдлаар Тайваньд дотоодын халдварын батлагдсан тохиолдол 333 болж, энэ нь цар тахлын дэгдэлт гарснаас хойш нэг хоногийн дотор бүртгэгдсэн хамгийн олон тохиолдол юм.

Тайвань нь дотоодын халдварын тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан хариу арга хэмжээг авч байна

Олон нийтийн дунд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахын тулд Тайваний засгийн газар хамгийн олон батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нийслэл Тайпэй болон хөрш зэргэлдээ Шинэ Тайпэй хотуудад цар тахлаас урьдчилан сэргийлэх бэлэн байдлын зэргийг өндөржүүлснээ зарлав.

Энэ хугацаанд 5-р сарын 15-наас 28-ны өдрүүдийн хооронд бүх хэлбэрийн олон нийтийн цугларалт, онц шаардлагагүй бизнесийн үйл ажиллагааг зохион байгуулахыг  хориглож, дээрх хоёр хотод байрлах ахлах сургуулиуд болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдээс бусад цэцэрлэг, сургуулиудын хичээлийг 28-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан.

Түүнчлэн вирусийн илүү хүчтэй тархалттай хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор Тайваньд оршин суух үнэмлэхгүй гадаадын иргэдийн нэвтрэх эрхэнд 19-ний өдрөөс эхлэн түр хугацаанд хилийн хязгаарлалт тогтоож, Тайваниар дамжин транзит нислэг үйлдэхийг түр хугацаагаар зогсоохоор болжээ. Уг журмыг 6-р сарын 18 хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд онцгой нөхцөл байдал, хүмүүнлэгийн шалтгааны улмаас зорчигчдын асуудлыг тусгай журмын дагуу шийдвэрлэх болно.

Энэ оны эхээр (2021 он) эмнэлэгийн дотоодод цар тахлын халдвар дэгдсэн эхний давалгааг амжилттай даван гарч чадсан. Тайвань одоо цар тахлын эсрэг илүү хүнд сорилттой тулгараад байна. Засгийн газар шуурхай хариу арга хэмжээ авсаар байна. Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдварын тархалт эрчимжиж байгаад анхаарал хандуулахын зэрэгцээ үүнтэй нэгэн адилаар анхаарал хандуулах шаардлагатай  өөр нэгэн асуудлыг орхигдуулж болзошгүй юм. Тайвань дотоодод дэгдээд буй хүнд хэлбэрийн цар тахлыг даван туулахын тулд ганцаараа тэмцсээр байх шаардлага тулгарч байна.

 

Тайваньд цар тахлын халдвар газар авсаар байна. Хамгийн олон батлагдсан тохиолдол бүртгэгдсэн Тайпэй болон Шинэ Тайпэй хотуудад энэ сарын 15-наас 28-ны өдрүүдийн хооронд бэлэн байдлын зэргийг өндөржүүлэв. Тайваний Эрүүл мэнд, хамгааллын сайд Чэнь Ши Жун олон нийтэд цар тахлын халдварын нөхцөл байдлын талаархи тойм мэдээлэл хүргэж буй нь. (Гэрэл зураг дээр зүүн талд), Тайпэй хотод халдварын тохиолдол хамгийн ихээр гарсан Ванхуа дүүрэгт шинэ төрлийн коронавирусийг богино хугацаанд илрүүлэх цэгийг байгуулав. (Гэрэл зураг дээр баруун талд). (Гэрэл зургийн эх сурвалж: Тайваний мэдээллийн төв агентлаг)

Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлж буй гол түлхүүр

Тайваний эрүүл мэндийн дэвшилтэт технологи, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн цогц систем, шинжилгээний хатуу стратеги, мэдээллийн ил тод нээлттэй байдал, төр, хувийн хэвшлийн нягт хамтын ажиллагаа нь Тайванийг цар тахлын эсрэг хамгийн үр дүнтэй хариу арга хэмжээ авч байгаа орны нэг болгожээ. Одоогийн байдлаар батлагдсан тохиолдол хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан нас баралтын түвшинг бууруулахын тулд хүнд өвчтэй өвчтөнүүдийг эмчлэх боломжтой 670 орчим сөрөг даралтын орноос гадна улс орон даяар 170 эмнэлэгт 2400 орчим тусгай тасаг ажиллаж байна.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх хангалттай сайн эмнэлгийн байгууламж, тоног төхөөрөмж, нөхцөл бололцооноос гадна бас нэгэн гол түлхүүр бол олон нийт цар тахлаас ульдчилан сэргийлэх талаар мэдлэгтэй байх явдал юм. Дээр дурдсан Тайваний хойд хэсэгт орших хоёр томоохон хотын нийт хүн амын тоо 6.63 саяд хүрчээ. Бэлэн байдлын зэргийг өндөржүүлэхээс хоёр хоногийн (15, 16-ны өдрөөс) өмнө засгийн газар хөл хорио тогтоох талаар тогтоол гаргаагүй ч ихэнх ард иргэд сайн дураараа гэртээ хөл хорионы дэглэм баримтлан, нэг өдрийн нийтийн тээвэрт зорчигчдын хэмжээ өмнөх долоо хоногтой харьцуулахад 60 орчим хувь буурчээ (1 сая хүн). Ердийн үед хөл хөдөлгөөн ихтэй байдаг газар бараг хоосон байна. Ард иргэд ерөнхийдөө өөрсдийгөө болон бусдыг хамгаалах дадал болон ухамсар сууснаар амны хаалтаа тогтмол зүүдэг болсон.

 

Тайваний хойд хэсэгт орших хоёр томоохон хот цар тахлын эсрэг бэлэн байдлын зэргээ нэмэгдүүлсэн бөгөөд ард иргэд гэртээ хөл хорионы дэглэм баримтлан, гэрээсээ аль болох гарахгүй байгаа болно. Тайпэй хотын метроны буудлууд (Зүүн талын зураг), Шинь И худалдаа, арилжааны дүүрэг (Баруун талын зураг) үргэлж хөл хөдөлгөөн ихтэй байдаг хэдийч 15, 16-ны амралтын өдрүүдэд урьдын адил хөл хөдөлгөөнтэй байхаа больж, хоосон хот мэт болжээ. (Гэрэл зургийн эх сурвалж: Тайваний мэдээллийн төв агентлаг)

Цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл явцад дэлхийн эмч, эмнэлгийн ажилтнууд сайхан сэтгэл гарган, хүч чадлаа дайчлан ажиллаж байна

Сүүлийн нэг жил хагасын хугацаанд Тайвань цар тахлын халдварыг үр дүнтэй сайн хумиж чадсан ч цар тахалд хүндээр нэрвэгдсэн дэлхийн улс орнуудын ард иргэдэд туслахаа мартсангүй. Одоогийн байдлаар 50 сая гаруй эмнэлгийн зориулалттай амны хаалт болон бусад цар тахлаас урьдчилан сэргийлэх эд зүйлсийг дэлхийн 80 гаруй оронд хандивласан бөгөөд үүнд энэ оны 4-р сарын сүүлчээр цар тахалд хамгийн ихээр нэрвэгдээд байгаа Энэтхэг улсад 150 ширхэг хүчилтөрөгчийн үүсгүүр, 500 ширхэг хүчилтөрөгчийн цилиндр зэргийг хандивласан. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен “Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага” (ДЭМБ) -ын удирдлагаас Тайванийг 74-р удаагийн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчийн статустайгаар оролцуулах зохих арга хэмжээ авахыг уриалсан төдийгүй Тайванийг цаашид үргэлжлүүлэн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн гадуур үлдээх зохистой шалтгаан байхгүй хэмээн онцолсон юм. АНУ нь дэлхий нийтийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд Тайваний оруулсан үнэтэй хувь нэмэр, туршлагыг сайшаан, Тайванийг "найдвартай түнш, эрч хүчээр дүүрэн ардчилсан орон, дэлхий нийтийн төлөө сайхан сэтгэл, нөөц бололцоогоо зориулж байна” хэмээн сайшаав.

 

АНУ ДЭМБ-д хандан зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэн, Тайванийг энэ оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейд ажиглагчийн статустайгаар оролцуулахыг уриалсан төдийгүй Тайванийг цаашид үргэлжлүүлэн Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн гадуур үлдээх зохистой шалтгаан байхгүй хэмээн онцолсон юм. (Зүүн талын гэрэл зураг, гэрэл зургийн эх сурвалж: Төрийн департаментын вэбсайт ба Twitter) . Тайваньчууд сүүлийн нэг жил хагасын хугацаанд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр амжилттай ажиллаж байгаа бөгөөд цар тахалд ихээр нэрвэгдсэн гадны орнуудын анд нөхөддөө тусламжийн гараа сунгахаа мартсангүй. Одоогийн байдлаар 50 сая гаруй эмнэлгийн зориулалттай амны хаалт болон бусад халдвар хамгааллын хэрэгслийг дэлхийн 80 гаруй улс орнуудад хандивлаад байна. 4-р сарын сүүлийн байдлаар 150 ширхэг хүчилтөрөгчийн үүсгүүр, 500 ширхэг хүчилтөрөгчийн цилиндр зэргийг одоогийн байдлаар цар тахлын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Энэтхэг Улсад хандивласан. (Баруун талын гэрэл зураг, гэрэл зургийн эх сурвалж: Тайваний мэдээллийн төв агентлаг)   

Нэмж дурдахад “Их-7” (G7)-ийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтын дараа АНУ, Япон, Европ зэрэг чухал орнууд анх удаа олон нийтэд хандан хамтарсан мэдэгдэл хийх замаар Тайваний цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын ололт амжилтыг ил тодоор сайшааж, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудад Тайванийг зохистой хэлбэрээр оролцуулах асуудлыг дэмжсэн юм. Европын 30 гаруй орон, парламентын 1084 гишүүн хамтран ДЭМБ-д Тайванийг дэмжихээ тухайгаа бичгээр илэрхийлжээ. Чех, Франц, Словак болон бусад орнуудын парламентууд Тайванийг ДЭМБ, ДЭМБ-тай холбоотой уулзалт, арга хэмжээнд оролцохыг дэмжих тогтоолуудыг ээлж дараалан гаргалаа. Энэ бүхэн нь ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн түгээмэл үнэт зүйлийг эрхэмлэдэг найрсаг орнууд Тайваний ДЭМБ-д оролцох асуудал нь эрүүл мэндийн салбарын асуудал бөгөөд улс төрийн нөлөөллөөс ангид байх ёстой гэдэгтэй санал нэг байгааг харуулж байна.

Тайвань бол Монгол орны эрүүл мэнд болон тогтвортой хөгжлийн салбар дахь урт хугацааны түнш юм

Одоогийн байдлаар Тайваньд 1.000 орчим Монгол оюутан, залуус суралцаж байна. Тэд Тайваньд оршин суудаг бусад гадаад найз нөхдийнхөө адил Тайваний өндөр чанартай эрүүл мэндийн даатгалын системийн тусламж үйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг. Чухамдаа Тайвань Монгол хоёр орон эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, боловсон хүчин чадавхижуулах чиглэлээр нягт харилцаа, хамтын ажиллагаатай билээ. Тухайлбал өнгөрсөн оноос хойш Тайваньчууд 200 мянган ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт, 25 мянган ширхэг халдвар хамгааллын хувцас зэргийг Монгол Улсад хандивласан төдийгүй шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж буй эмнэлэгүүдэд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивлажээ. Сүүлийн таван жилийн хугацаанд Тайваний төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд Монгол Улсын нийслэл болон орон нутгийн эмнэлэг, нийгмийн халамжийн байгууллагуудад 450 гаруй өмнө нь ашиглагдаж байсан эмнэлгийн ор, 900 орчим тэргэнцэр, алхуулагч, хараагүй хүний цагаан таяг зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэглэх эд хэрэгсэл хүлээлгэн өгчээ. Өнгөрсөн оноос өнөөдрийг хүртэл Тайваний томоохон эмнэлгүүд МУ-ын Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй цар тахлын асуудлын хүрээнд энэ 5-р сарыг хүртэл нийт 6 удаагийн цахим хэлэлцүүлэгийг амжилттай хамтран зохион байгуулав.

 

Өнгөрсөн онд Тайваний Засгийн газрын зүгээс 20.000 ширхэг халдвар хамгааллын хувцас, 5.000 ширхэг тусгаарлалтын бүсэд ашиглах эмнэлгийн зориулалтын хамгаалах хувцас, 200 мянган ширхэг амны хаалт зэрэг халдвар хамгааллын хэрэгслийг Монгол Улсад хандивласан. (Баруун талын гэрэл зураг, гэрэл зургийн эх сурвалж: Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар)   

Тайвань Монгол хоёр орон тогтвортой хөгжлийн сайн түншүүд билээ. 50-аас дээш насны Монгол анд нөхөд маань дээхэн үед Тайваньчууд цагаан будаа, бэлэн хувцас зэргийг хандивлаж байсанг санаж байгаа байх. Сүүлийн жилүүдэд хамгийн олон сэтгэл хөдөлгөм ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгууллага бол Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан билээ. Уг сан нь Монгол Улсын амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхийн хүүхэд багачуудад халамжийн мөнгө олгох, хичээлийн хэрэгсэл бэлэглэх, сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамруулах, авьяас чадварыг хөгжүүлэх дугуйлан секцэнд хамруулах зэргээр дэмжлэг үзүүлсээр ирсэн. 2004 оноос хойш өнөөдрийг хүртэл Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь нийт 22 мянга 500 гаруй Монгол орны хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгасан ба үүнээс 11 мянган хүүхэд хэдийнээ насанд хүрч, биеэ даасан байна. Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхөд зориулан гэр хотхон, цэцэрлэг болон 25 худагийг барьж байгуулсан.

 

2004 оноос хойш өнөөдрийг хүртэл Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь нийт 22 мянга 500 гаруй Монгол орны хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгасан. Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сан нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой өрхөд зориулан цэцэрлэг болон худаг байгуулсан. Тодруулбал тус сан нь одоогийн байдлаар нийт 25 худаг барьж байгуулжээ. (Гэрэл зургийн эх сурвалж: Тайваний Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн фэйсбүүк хуудас)   

Тайвань нь дэлхийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, нийгмийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд Ковид-19 цар тахал дэгдээд байгаа энэ цаг үед биоанагаах, халдвар хамгааллын багаж хэрэгслийн богино хугацаанд хөгжүүлэн, үйлдвэрлэлд нэвтрүүлэх чадавхитай гэдгээ дахин батлан харууллаа. Энэ оны 7-р сар гэхэд Тайваньчууд шинэ төрлийн коронавирусийн эсрэг дотоодын гурван төрлийн вакциныг амжилттай гарган авна гэж таамаглаж байна. Шинэ төрлийн коронавирусийн оношлогооны урвалж, вакцин, эмчилгээний эмийн дэлхийн хангамжийн сүлжээнд Тайвань илүү оролцоотой байх нь дэлхий даяар дэгдээд буй Ковид-19 болон халдварт өвчний аюулыг арилгахад хувь нэмрээ оруулах ач холбогдолтой юм.  

 

Тайваний дотоодын вакцин үйлдвэрлэгч хоёр компани энэ оны 7-р сарын сүүлээс өмнө дотоодын вакцины эхний ээлжийг үйлдвэрлэж, нийлүүлэхээр төлөвлөж байна. (Гэрэл зургийн эх сурвалж: Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэнь-ий фэйсбүүк хуудас)     

Бүх нийтийн эрүүл мэнд, хэнийг ч орхигдуулахгүй байх нь

Тайваний ардчилалын зарчмыг ханган, цар тахлаас урьдчилан сэргийлэх загвар нь Ковид-19 цар тахлын сорилттой дахин тулгарч байгаа энэ цаг мөчид Тайвань дэлхийн эрүүл мэндийн сүлжээнээс олон жилийн турш гадуур үлдэж хоцорсон болохыг дэлхий дахинд сануулж байна. Тайваний газар зүй, тээврийн зангилаа, эрүүл мэндийн үйлчилгээний түвшин, цар тахлаас урьдчилан сэргийлэх туршлага, мэргэжлийн мэдлэг, олон улсын нийгмийн төлөөх өөрийн хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн явдал нь Тайванийг дэлхийн халдварт өвчний аюулыг хянах, урьдчилан сэргийлэх системийн салшгүй нэгээхэн хэсэг болох ёстойг илтгэн харуулж байна.

24 сая Тайваний ард иргэдийн эрүүл байх эрхийг үл тоомсорлож, ДЭМБ-аас тунхагласан "Эрүүл мэнд бол хүний ​​үндсэн эрх", "Бүх нийтийн эрүүл мэнд" (Health for all), НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын нэг болох “Хэнийг ч орхигдуулахгүй байх” (Leave no one behind) үзэл баримтлалд анхаарлаа хандуулж, Тайванийг ДЭМБ болон ДЭМБ-тай холбоотой бусад хурал, арга хэмжээнд утга учиртайгаар оролцуулах асуудлыг дэмжихийг уриалж байна. Тайваний дэмжлэгтэйгээр халдварт өвчний аюул заналын эсрэг хамтдаа тэмцье.

 

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грэйс.Ж.Р.Лүө